ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ БОЛ ЗӨВ СОНГОЛТ

ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ БОЛ ЗӨВ СОНГОЛТ

“Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!” Дэд хууль 31:6

Амьдралынх нь цаг хугацаа дуусгавар болж байгааг Мосе мэдээд Иошуад “Өнөөдөр чамд миний тушааж буй энэ тушаал чамаас далдлагдсан зүйл биш, алс холын ч зүйл биш...” (Дэд хууль 30:11) гэж заавар зөвлөгөө өгсөн. Амьдрах өдрүүд нь, магадгүй сүүлийн цагууд тоологдож дуусч байгаагаа мэдсэн хүний хувьд Мосе шулуухан ярьсан. Дуулгавартай байдал бол хүний хийдэг сонголт, шийдвэр гэж тэр хэлжээ. Харин дуулгавартай байдлын хамтаар ивээл ерөөл ирдэг бол дуулгаваргүй байдлын хамтаар хүндрэл бэрхшээл ирдэг.
Дараа нь Мосе ийнхүү тушаав: “Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!” (Дэд хууль 31:6). Хэсэгхэн зуур, Бурхан айлдсан зүйлийг өөрийнхөө амьдралтай холбож бодоорой. Гэвч та “Алив хүлээ дээ. Энэ чинь Хуучин Гэрээний амлалт биш билүү. Гэтэл та өнөөдрийн бидний амьдралын тухай яриад байх юм?” гэж хэлж магадгүй. Тиймээ, таны зөв. Та үүнийг Хуучин Гэрээнээс, Дэд хууль номоос олж уншина. Манай Иудей найзууд энэ хэсгийг Тора гэж нэрлэдэг. Энэ бол Иудей шашны үндэс суурь билээ. Гэвч та энэ амлалтыг Шинэ Гэрээнээс хоёр ч удаа олж харна. Есүс шавь нартаа өгсөн амлалтыг та уншиж болно. Есүс ийм хүчтэй үг хэлж, амлалт өгсөн явдал нь өөрөө Христитгэгч хүний амьдралыг тэс ондоо өнцгөөс харуулж өгдөг.
Нэг удаа нэг хэвлэлийн газраас намайг хамгийн дуртай эшлэлээ хэлж өгөөч гэж билээ. Тэгэхэд би Ариун Бичээсийн амлалтуудыг эргэцүүлэн хоёр сар өнгөрүүлсэн. Би өөрөөсөө “Маш олон амлалтууд дотроос аль нь миний хамгийн дуртай амлалт билээ дээ?” гэж асуусаар байсан. Эцэст нь, “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй!” гэдэг энэ амлалтыг сонгосон. Тэр үгсийг Шинэ Гэрээний Еврей 13:5-р эшлэлээс олж болно. Эдгээр амлалтад та ямар хариу үйлдэх нь Түүний айлдсан үгэнд таны итгэх үгүйгээс чинь шалтгаална. Гэхдээ дуулгавартай байдал бол сонголт билээ. Хэн ч таныг юунд ч хүчлэхгүй. Гэхдээ аливаа сонголтын хамтаар үр дагавар нь ирнэ. Мосегийн цаг үетэй адил бидний хариу үйлдэл яг ижил байх учиртай: бид зүгээр л дуулгавартай байх хэрэгтэй. Бурхан өөрсөдтэй нь хамт байна гэсэн амлалтын араас Мосе хэлэхдээ тэдний хариу үйлдэлд гурван зүйл шаардагдана гэсэн. Эдгээр нь:
Нэгдүгээрт, Тууштай байх
Хоёрдугаарт, Зоригтой байх
Гуравдугаарт, Айхгүй байх
. Дараа нь Мосегийн өгсөн амлалт бидэнд энэ бүгдийг хийх хүчийг өгдөг: “Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй...!”
Христитгэгч хүний амьдрал бол итгэлийн алхаа. Энэ бол таны гаргах шийдвэр, таны хийх сонголт. Энэ амьдрал Бурханы танаар хийлгэхээр дуудсан зүйлд зүгээр л дуулгавартай байхыг, заримдаа эр зориг болон аймшиггүй үйлдлийг шаарддаг. Гэхдээ Эзэн өөртэй чинь хамт байгааг мэдэх үед тэдгээр хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргахад хамаагүй амар болдог.
Бурхан Өөрийнхөө төлөвлөгөөг өдөр өдрөөр илчлэн нээсээр байна. Харин та Түүнд дуулгавартай байна уу?


БИД ТҮҮНД БИДНЭЭР ДАМЖУУЛАН АЖИЛЛАХЫГ ЗӨВШӨӨРЧ, ТҮҮНИЙ ХҮСЭЛ, ЗОРИЛГУУДЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ОЛГООРОЙ.