ЗӨВ ЗҮЙЛИЙГ БУРУУ АРГААР

ЗӨВ ЗҮЙЛИЙГ БУРУУ АРГААР

“Сургамжаас зууран барь. Алдаж үл болно. Түүнийг хамгаал, Тэр нь амь чинь мөн.” Сургаалт үгс 4:13

Таван настай Брук охин Лондонд зүрх уушги шилжүүлэн суулгах хагалгаанд ороод “их хурдан эдгэж” байлаа. Гэтэл дэлхийн нөгөө талд Мелбурн хотод буй түүний аав нь тийм ч сайн байсангүй. Бяцхан охиныхоо мэс ажилбарын төлбөр олох гэж Мак Дональдс рестораныг тонохоор завдан баригджээ. Тэрээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Би үүнийг Брук охиныхоо төлөө хийсэн. Шаардлага гарвал дахиад тийм зүйл хийхэд бэлэн” гэв.
Шалтгаан нь зөв байсан ч арга барил нь буруу. Энэ бол өнөөгийн бидний бодлын тусгал билээ.
Нэг үгээр хэлбэл, асуудал бол ХАРАХ ӨНЦӨГ! Тийм ч учраас хүн охин үрийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөх гэж хичээхдээ зоогийн газар дээрэмдэж болдог юм байна. Хүний харах өнцөг Бурханыхаас хамаагүй зөрж байгаа хэрэг.
“Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч...” гэж Сургаалт үгс номын 16:2 дээр мэргэн хүн бичсэнээ, дараа нь үргэлжлүүлэн “Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ” гэсэн байна. Яг энд Бурхан тайзан дээр гарч ирнэ. Тэгээд та ямар нэг юмны талаар юу гэж бодсон ч, тэр зүйл танд хэчнээн зөв сайн харагдсан ч, таны логик учир зүйд хэчнээн тохирсон санагдавч эцсийн үг шийдвэр бол Бурханых байдаг.
Бурханы Үг болох Библид “Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам” гэсэн байна. (Сургаалт үгс 16:25). Хүний мэргэн ухаан болон Бурханы мэргэн ухааны хооронд их ялгаа бий.
Хэрэв Бурхан аливаа үг шийдвэрийг эцэслэн хэлдэг бол /Тэр үнэхээр тэгж хэлдэг нэгэн/ тэгвэл мэргэн эр хүн, мэргэн эмэгтэй хүн амьдралыг Түүний харах өнцгөөс харахыг хичээдэг хэрэг юм. Тийм хүн дуураймлыг биш, харин жинхэнэ бодит зүйлийг хардаг гэсэн үг. Та шулуун зөв бодохын тулд Бурханы харах өнцгийг олж аваарай. Энэ нь танд үнэхээр үнэ цэнэтэй зүйлийг ойлгоход тусална. Бидний хиймэл ертөнцөд мөнх үлдэх зүйлийг танд харуулна.
Та Бурханы харах өнцгийг яг хаанаас авах гэж байна вэ? Сонин уншаад юмуу одон зурхайн урьдчилсан мэдээ сонсоод олж авч чадахгүй. Эсвэл ямар нэг гуру багш, мэргэч төлөгч шидтэй саваагаар таны уусан кофены шаарыг хөдөлгөж танд Бурхан харах өнцгийг өгөхгүй. Харин Бурханы харах өнцгийг өгдөг нэг ном бий. Энэ бол Түүний Ном, Библи. Өнөөгийн өнгөцхөн амьдралын явдлаас давж гардаг тэнгэрлэг мэргэн ухаан тэр номонд бий. Заримдаа энэ ном бидний цаг үеийн чиг хандлагыг гашуун ч гэсэн зөрчдөг. Тэгээд бидэнд гүехэн, гэмт зангийг маань сануулж өгдөг. Гэвч нэг зүйл баттай байна. Нэгэнт Бурханд эцсийн үг шийдвэр ногддог тул бид Түүний амьдралыг үзэх үзэлд суралцах ёстой. Хүнд зөв санагдавч, үхэлд хүргэдэг зам нь Бурханд хөтлөх замаас илт өөр шүү. 


БУРХАНД ХӨТЛӨХ ТЭРХҮҮ ЗАМЫГ СУРАЛЦВАЛ ЗОХИНО.