ТҮҮНИЙ ЗОВЛОНГИЙН НӨХӨРЛӨЛ

ТҮҮНИЙ ЗОВЛОНГИЙН НӨХӨРЛӨЛ

“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.” Исаиа 53:4-5

Зургаан настай Давид Жейкобс хүү хорт хавдартай болжээ. Тэрээр өвчинтэйгөө тэмцэх хүнд хэцүү тэмцлээ эхэлсэн. Эцсийн эцэст хорт хавдар түүний амийг авч одсон юм. Гэхдээ зоригт бяцхан Давид хүүгийн эр зоригт тэмцэл бидэнд “Бяцхан хүү тэднийг удирдана” гэдэг эшлэлийг өөрийн эрхгүй санагдуулдаг билээ. Давид химийн эмчилгээнд ороход бэлдэн аавтайгаа сууж байхад нь хажуу талд нь настайвтар, буурал үстэй өвгөн байжээ.
Давид түүнд “Сайн байна уу?” гэснээ “Та урьд өмнө нь ийм эмчилгээнд орж байсан уу?” гэж шууд асуув.
Настай хүн Давидыг тайтгаруулах гэсэн өнгө аястайгаар “Тийм ээ” гэв.
Хүү “Эмч нар таныг зүүгээр тарихад их өвдсөн үү?” гэж ярианыхаа гол зүйлийг асуув.
Өвгөн “Тийм ээ, өвддөг” гэлээ. Тэгснээ ярьсан зүйлээ хүүд тохируулан засаад “Эмч нар аль болох өвтгөхгүйгээр эмчилгээгээ хийхийг хичээдэг” гэв.
Давид бүхнийг ойлгох гэж хэсэг зуур чимээгүй сууж байснаа, дараа нь настай хүн рүү хандаж “Юу гээч. Хүмүүс Есүсийн толгойд өргөстэй титэм зүүлгэсэн юм чинь ямаршуу мэдрэмж төрдөг болохыг Есүс лавтай мэдэж байгаа” гэж хэлэв. Өнөөх өвгөн тэнд нүд дүүрэн нулимстайгаар суусаар үлджээ.
Зовлонгийн нөхөрлөл бий болоход нас хүйс, үндэс угсаа болон хүмүүсийг хуваагдуулдаг бусад олон асуудлаас илүү гүн, бат бөх байдаг. Та зовж байхад өөр нэг хүн яг адилхан зовж байвал та хоёрын сэтгэлийн нэгдэл маш их, үнэхээр их хүчтэй байна.
Паул Филлипой хотынхонд “Миний хүсэл бол Түүний зовлонгийн нөхөрлөлийг мэдэх” гэж дурдсан. Энэ нь Христийн зовлонгийн нөхөрлөл.
Христийн үйл хэргийн төлөө Хятадын шоронд 20 болон 22 жилийг өнгөрүүлсэн бурханлаг хосыг би санаж байна. Ванг Минг Дао болон түүний эхнэр Паулын ярьсан тэрхүү зүйлийг бие дээрээ амссан. Гэтэл би Христийн үйл хэргийн төлөө хэзээ ч зодуулж байгаагүй. Чулуугаар шидүүлэх юмуу зангидсан гарын цохилт юу болохыг би биеэрээ амсаагүй. Вангийн гэр бүл шиг шоронд ч би орж үзээгүй. Магадгүй та ч бас “Христийн зовлонгийн нөхөрлөлийн тухай би төдийлөн сайн мэдэхгүй” гэж хэлэх байх. Гэвч та Түүний үйл хэргийн төлөө зовсон боловч Паулын бичсэн зүйлтэй таарахгүй байж магад.
Надад ирсэн захидлуудад харгис үгсийн дайралтад орж эсвэл итгэлд чинь дургүйлхсэн хүмүүсийн гүтгэлэг гүжирдлэгийг амсдаг гэсэн байдаг. Хувь хүн танд тэд дургүйлхэж буй хэрэг биш. Харин та тэдэнд Есүс Христийг төлөөлж буй тул тэдний дайралтын бай болдог.
Паулын хэлэх гэж байсан зүйлийг одоо ойлгож эхэлж байна уу? Паул үүнийг хэлээд зогссонгүй. Цааш нь үргэлжлүүлэн Түүний зовлонгийн нөхөрлөлөөр дамжуулан бид Түүний үхэлтэй холбогддог гэжээ. Есүс шавь нартаа “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” гэж хэлэхдээ (Лук 9:23) яг үүний талаар ярьсан.
Биднээс маш цөөн хүн нь тэрхүү нөхөрлөлийг хүсэн тэмүүлж Паултай санал нэгдэх байх. Гэхдээ нэгэнт шалгуурыг даваад, итгэлээ баталсан хүмүүсийн хувьд маш баялаг, арвин шагнал бий. Үүгээр дамжуулан, энэ дэлхийд амьдарч, үхээд, үхлээс амилсан Түүний нууцлаг, гайхамшигтай оршихуйг бид биеэрээ амсдаг билээ.