БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭХҮЙ

БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭХҮЙ

“Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд...” Филиппой 3:10

Америкийн хошин шогч зохиолч Марк Твейн усан онгоцоор дэлхийг тойрсон аяллаасаа буцаж ирээд, дэлхийн агуу том хүмүүстэй уулзсан туршлагуудаа ярьж суужээ. Тэгтэл түүний хүү аавыгаа бишрэнгүй сонсож сууж байснаа, гэнэт “Юу гээч, аав аа, та Бурханаас бусад бүх хүнийг таньдаг бололтой” гэж уулга алдсан гэнэ.
Нийгмийнхээ алдартай томчуудыг мэдэх, эсвэл Төгс Хүчит Нэгэнийг мэдэхийн аль нь чухал вэ? Магадгүй та “Энэ хоёрыг заавал эсрэгцүүлэх ямар шаардлага байна?” гэж бодож байгаа байх. Шаардлага байхгүй л дээ. Гэвч Бурханы тухай бодит мэдлэг бол нийгмийн сайн харилцаагаар юмуу нийгэмд нөлөө бүхий, дээд тушаалын хүмүүстэй холбоотой байснаар олддог зүйл биш.
Эмнэлгийн орон дээр хүйтэн дэвсгэр нөмрөөд хэвтэж байхад зүрхний цохилт хянах самбар дээрх шугам шулуун болоход ойртох мөч буюу хүний амь нас өнгөрөн одох мөч хүн бүхэнд ирдэг. Тэр үед Бурханаас гадна бүхнийг мэдэхүй танд төдийлөн туслахгүй билээ. Түүнээс гадна танд байгаа мөнгөний хэмжээ, эсвэл хэчнээн олон үнэт цаас, бонд эзэмшиж байгаа чинь ч утга учиргүй болно.
Бурханыг мэдэхүй бол ямар нэг шашинлаг зан үйл биш. Харин амьдралыг чинь бүхэлд нь ондоо болгох, бас мэдээж  утга учиртай болгох хувьчилсан харилцаа билээ. Суралцан байж рабби багш болсон Паул Дамаск хот руу явах замдаа Бурхантай уулзсан. Тэнд даруу дорд болж, өвдөг дээрээсээ босож ирэхдээ өөрчлөгдсөн хүн болсон. Тэр цагаас эхлэн, урьдын чухал гэж үздэг байсан бүхэн түүнд цаашид утга учиртай зүйл байхаа больжээ. “Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов” гэж Паул Филиппой хотынхонд бичжээ. Үүнд түүний гэр бүлийн харьцаа, түүний ажил мэргэжлийн холбоо сүлбээ, өөрийнхөө нэр хүндийг бүрэлдүүлэх олон жилийн туршлага, мөн түүний боловсролын ололт амжилт бүгд багтжээ.
Паул ололт болон хохирлын хоорондын ялгааны тухай өгүүлэх энэ хэсэгтээ өөртөө гурван зорилго, гурван агуу тэмүүлэл бий болгосон тухай өгүүлжээ: Нэгдүгээрх нь Христийг таньж мэдэх байсан. Хоёрдугаарх нь Түүний амилалын хүчийг таньж мэдэх байжээ. Мөн эцэст нь Түүний зовлонгийн нөхөрлөлд багтах байв.
Магадгүй та дотроо “Хүлээж бай даа, хэрэв Паул Христийг таньж мэдэж чадахгүй байсан юм бол би гарцаагүй чадахгүй” гэж бодож байгаа байх. Тэгвэл таныг цөхрөлд автахаас өмнө би танд баттай хэлье. Паул Бурханыг хэдийнээ таньчихсан байсан. Олон жилийн турш Христийг бусдад номлож иржээ. Тэгвэл ямар утгаар үүнийг хэлсэн бэ? Паул хэлэх гэсэн санаа бол “Би Түүнийг илүү гүн гүнзгий, илүү дотно, илүү бүрэн хэмжээгээр таньж мэдэхийг хүсэж байна. Би одоо байгаагаас улам лавширч, үүрд мөнхийн, улам зузаарах харилцаатай болмоор байна” гэж хэлсэн.
Христийг мэдэх бүрэн бүтэн, хувьчилсан мэдлэгээс өөр зүйлд сэтгэл бүү ханаарай. Тэр Өөрөө айлдахдаа “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” (Матай 11:28) гэсэн байна.
Таны зүрх сэтгэлийн хүсэл тэмүүлэл Бурханыг үнэхээр таньж мэдэх мөн үү? Тэгвэл тэр зорилгодоо хүрэхээр яваарай. Хүүгээр нь дамжуулан Эцэгт ойртон ирэх шаардлагатай. Таны өсөж торнихдоо сурсан Есүс, шашины боловсролын хүрээнд таны сонсож мэдсэн Есүс үнэндээ Шинэ Гэрээнд илчлэгдсэн Есүсээс тэс ондоо байж магад. Тиймээс бодит Есүсийг таньж мэдээрэй. Тэр таны амьдралыг өөрчлөх болно. Марк Твейн шиг, Бурханаас гадна бүхнийг таньж мэдэх нь хамгийн чухал нөхөрлөлийг олж авахгүй байдалд хүргэнэ шүү. Үүнийг хэзээ ч бүү мартаарай.