ЭНЭ ЗҮЙЛ МИНИЙХ

ЭНЭ ЗҮЙЛ МИНИЙХ

“Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.” Матай 5:42

Надад үл мэдэгдэх зохиолчийн бичсэн “Мөлхөө насныхны тунхаг” гэсэн гарчигтай нэг эх бичвэр байдаг юм. Эхийг уншвал “Хэрэв би хүсэж байвал энэ зүйл минийх. Хэрэв би үүнийг чамд өгсөн ч хэсэг байж байгаад бодлоо өөрчилбөл энэ зүйл минийх. Хэрэв би үүнийг чамаас булааж чадвал энэ зүйл минийх. Хэрэв энэ зүйл өмнө минийх байсан бол энэ зүйл минийх. Хэрвээ энэ зүйл минийх бол юу ч болж байсан өөр хэнийх ч биш. Хэрэв энэ зүйл яг л минийх шиг харагдаж байвал энэ зүйл минийх.”
Хоёр үр нь зэрэг “Энэ зүйл минийх!” гэж хашхиран булаацалдаж байхад тэднийг эвлэрүүлэх гэж үзсэн аливаа эцэг эх сая миний уншсан эхийг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэх байх.
“Энэ зүйл минийх!” Гэвч зөвхөн хүүхдүүд тэгж хэлдэг юм биш. Яг энэ үгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн албан танхимд ч хүртэл сонсож болно. Бас шүүхийн танхимд хүмүүс өв залгамжлалын төлөө нэг нэгэнтэйгээ үзэлцэж байхад энэ үгийг сонсож болно. Энэ үгийн угт хувиа хичээсэн хандлага байдаг. “Би үүнийг хүсэж байна, энэ зүйл минийх!” гэсэн хандлага бол аз жаргалтай амьдралын хамгийн том дайсан.
Нэг удаа сэтгүүлч надаас “Гэрлэлт доторх хамгийн том асуудал юу вэ?” гэж асуусан. Би “хувиа хичээсэн байдал” гэж хариулсан юм. Сэтгүүлч эмэгтэй тийм ч их өндөр сэтгэгдэлтэй үлдээгүй санагдсан. Магадгүй тэр сэтгүүлч “Үнэнч бус байдал!” гээд намайг ширээн дээр дэлсүүлээд завхайрлыг тас шүүмжилсэн зүйлийг надаар хэлүүлэх гэсэн байх. Гэхдээ ямар ч хариулт хэлсэн шинж тэмдэг нь л өөр болохоос уг шалтгаан нь нэг л зүйл. Яг л “Мөлхөө насныхны тунхаг”-т өгүүлсэн шиг энэ бол хувиа хичээсэн байдал. “Миний хэрэгцээнүүд юуны түрүүнд хангагдахыг би хүсэж байна!”
Харин хувиа хичээсэн занг өглөгч зан болгож өөрчилдөг нэг л зүйл бий. “Хэрэв чи үүнийгээ болихгүй бол би тоглоомоо аваад гэртээ харилаа шүү!” гэсэн заналхийлэл үүнд тус болохгүй. Ийм заналхийлэл үйлчлэхгүй. Хувиа хичээсэн зангийн хүчийг идэж сулруулах чадалтай цорын ганц химийн элемент бол Бурханы нигүүлсэл. “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” (2 Коринт 5:17) гэж Паул бичсэн. Бурханы нигүүлсэл хүний хандлагыг өөрчилдөг. Гэхдээ энэ нь хэзээ ч нэг удаагийн оролдлогоор, шууд бүтдэг, “барьж аваад болдог” тийм зүйл биш. Энэ бол нигүүлслийн үргэлжилсэн үйлчлэл билээ. Библид үүнийг ариусгал гэж нэрлэдэг. Бурхан таны барзгар өнцөг буланг өнгөлөн тэгшилсээр, танд олиггүй занг чинь, бас хувиа хичээсэн занг чинь сануулж өгнө.
Хуучин хувиа хичээсэн мөн чанарынхаа татах хүчийг даван туулах нь ганц удаагийн өглөгч зангийн үйлс хийж, түүгээрээ пээдийж онгирсноор бүтэх зүйл биш. Энэ бол даруу төлөв зангаар чимэглэгдэх амьдралын хэв маяг. Энэ бол өөрийгөө яг хэн болохыг ойлгох ойлголт. Мөн Бурханд өөрөөр чинь дамжуулан бусдыг хайрлахыг зөвшөөрсөн үйлдэл билээ.
Элч Паул энэ талаар өөрийн залуу анд, өөрийн шавь болох Бага Ази дэх Лустра хотын Тимотод хандаж: “Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай хэн ч надад алга. Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг” (Филиппой 2:20-21) гэж бичжээ. Тиймээс хайр дотор үйлчилж бусад хүний зүрх сэтгэл болон амьдралд хүрч ажилладаг Бурханд Тимотуудын төлөө баярлалаа.
“Хэрэв би хүсэх юм бол энэ зүйл минийх” тиймээ мөн. Гэхдээ үүнийг өрөөлд өгснөөр баяр хөөр болон сэтгэл ханамж ирдэг.