АМЖИЛТТАЙ БОЛОВЧ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БИШ

АМЖИЛТТАЙ БОЛОВЧ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БИШ

“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” Марк 8:36

1923 онд ялгуусан хүмүүс гэж тооцогдох хэсэг бүлэг хүмүүс Чикаго хотын Эджватер Бийч Зочид буудалд уулзжээ. Тэнд дэлхийн хамгийн амжилттай санхүүчдийн найман хүн уулзацгаасан. Тухайлбал, Бетлехем Стийл гангийн корпорацийн ерөнхийлөгч Чарлз Шваб, дэлхийн хамгийн том нийтийн аж ахуйн компанийн ерөнхийлөгч Самуел Инсулл, Нью Йорк хотын Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Ричард Витней нар байсан. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгчийн албаны тухайн үеийн гишүүн Алберт Фолл дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын фирмийн, дэлхийн монополи болох Олон улсын суурьшлын банкны тэргүүлэгчтэй хамт тус тус оролцов.
Хумсаа хугалан байж оргил руу авирсан эдгээр эрхмүүдэд юу тохиолдсон гэж та бодож байна? Дэлхийн хамгийн том гангийн компанийг тэргүүлсэн Чарлз Шваб дампуурч, амьдралынхаа сүүлийн таван жилийн турш мөнгө зээлж амьдарсаар нас эцэслэжээ.
Дэлхийн хамгийн том нийтийн аж ахуйн компанийг тэргүүлж байсан Самуел Инсулл дүрвэгч болж, ямар ч хөрөнгө мөнгөгүй, гадаад улсад насаа эцэслэсэн. Нью Йорк хотын Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч агсан Ричард Витней шоронгоос суллагдсаныхаа дараа гэртээ өөд болжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн албаны гишүүн агсан Алберт Фолл бас өршөөлийн тогтоол сонсож, гэртээ ирснийхээ дараа нас баржээ. Сая дурдсан энэ гурван хүн бүгд амиа хорлож үхсэн. Энэ хүмүүс дэлхийн оргилд хүрч чадсан. Гэвч тэндээ хүрэнгүүтээ ямар нэг зүйл нь буруугаар эргэв.
Одоо миний дурдах хүмүүсийн нэрэнд анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэд ч бас ялагч гэж тооцогдсон хүмүүс: жүжигчин Робин Виллиамс, хувцас зохион бүтээгч Александр Мак Квийн, машин зохион бүтээгч Артур Шевролет, зохиолч Силвиа Плат мөн FM долгионы радио зохион бүтээсэн Эдвин Армстронг. Энэ бүлэг хүмүүс дээр би бас Эрнест Хемингуей, Мерилин Монро болон Курт Кобайн гэдэг нэрсийг ч гэсэн нэмье. Энэ хүмүүст нэг нийтлэг зүйл байгаа нь юу вэ? Хоёр зүйл байна: тэд үнэхээр амжилттай байсан, мөн амиа хорлож амьдралаа дуусгасан.
Тэд амжилттай байсан гэж би хэллээ. Гэвч тэд үнэхээр амжилттай байж чадсан уу? Магадгүй тэрхүү бүрхэг утгатай үгийг яг юу гэж тодорхойлохоос шалтгаалаад хариулт өөр өөр байна байх. Хэрэв оргилд хүрэхийг амжилт гэж үзвэл тэд амжилтад яриангүй хүрсэн.
Харин Лебанон улсын төрийн зүтгэлтэн, НҮБ-ын ерөнхий ассамблейн ерөнхийлөгч агсан, доктор Чарльз Маликийн амжилтыг тодорхойлсон ёсоор бол тэд нэлээд ард хоцорч амжилтад хүрсэнгүй. Учир нь Малик хэлэхдээ “Амжилт гэдэг нь Бурханыг хайх, мэдэх, хайрлах бас дагах явдал. Хэрэв та хайвал та мэдэх болно. Хэрэв та мэдвэл та хайрлана. Хэрэв та хайрлавал та дуулгавартай дагана” гэсэн байдаг.
Бурханы харах өнцгөөс, амьдралыг эргэж дүгнээд байгуулсан харилцаануудаа үнэлэх өнцгөөс бол амжилт гэдэг нь тэс ондоо зүйл билээ. Есүс энэ тухайд “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36) гэж айлджээ.
Миний бодлоор Есүс өнөөдөр амьд байсан бол энэ талаар ингэж ярих байсан байх: “Хэрэв хүн компанийн ерөнхийлөгч болоод, Оскарын шагнал аваад, эсвэл оргилд хүргэх халтиргаатай шатаар авирсаар хамгийн дээр хүрсэн ч гэр бүлээ, өөрийгөө хүндлэх хүндлэлээ, бас сүнс сэтгэлээ тэр явцад алдсан байвал ямар хэрэг байх вэ?”
Эцэст нь бодлоо хуваалцъя: Амьдралын чиглэлээ өөрчлөхөд хэзээ ч оройтно гэж байхгүй. Зарим хүмүүс амь зуух гэж хичээж байна. Зарим нь амжилт гаргах гэж мэрийж байна. Гэвч зарим хүн ач холбогдлыг олж авч байна. Тийм төвшингийн ололт амжилтыг аваад тэд Бурхантай эвлэрцгээдэг. Өөрөөр хэлбэл, амьдрал нь үнэхээр амьдрууштай байсан байна. Тэгвэл та Дэлхий гариг дээр зүгээр нэг зай бөглөсөн бөглөө бүү байгаарай. Бурханы тусламжтайгаар амьдралаа ямар нэг үүрдийн, утга учиртай зүйл гэж тооцогдох амьдрал болгоорой.


ГАЛ ДУНДУУР ГАРСАН Ч ТЭСЭЖ ГАРАХ ЗҮЙЛ БОЛГООРОЙ.