ХАЙРЫН ГЭРЭЭ

ХАЙРЫН ГЭРЭЭ

“Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.” Ром 8:28

Үхэх цаг ойртсон гэдгийг мэдэрсэн хөгшин хүний бодол эргэцүүлэл хэзээд их утга учиртай байдаг. Хөгшин болсон Мосегийн үгс яг тийм байв. Тэр сорилт хүндрэлээр дүүрэн амьдралын талаар эргэцүүлж “Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг” гэж бичжээ. (Дэд хууль 7:9)
Мосе Бурханыг “ИТГЭМЖТЭЙ БУРХАН” гэж нэрлэсэн. Тэгвэл итгэмжтэй гэдэг үг яг ямар утгатай вэ? Энгийнээр хэлэхэд, ямар нэг юм амласан хүн түүнийгээ биелүүлнэ гэсэн үг. Авах магтаалын төлөө бус, түүний оронд авах мөнгө шагналын төлөө бус. Харин Түүний зүрх сэтгэл шулуун шударга учраас тийм байна. Түүний мөн чанар Түүнийг Үгээ сахихаар ятгадаг.
Мосе Бурханы гаргасан зориулалтыг “ХАЙРЫН ГЭРЭЭ” гэж нэрлэв. Мөхөс бид Бурханд сайхан сэтгэл болон өршөөл энэрлийн хариуг хэзээ ч буцааж төлж чадахгүй гэдгийг Мосе ойлгож тэгж хэлжээ. Гэвч Бурханы ерөөл хоёр болзолтойг бид ихэнхдээ мартдаг.
Нэгдүгээрт, Түүний сайхан сэтгэлээр ерөөгдсөн бид Түүнийг хайрлах учиртай.
Хоёрдугаарт, Бид Түүний тушаалыг сахих учиртай.
Мосегээс хойш 1400-аад жилийн дараа элч Паул Ром хотын сүм чуулганд иймэрхүү утгатай үгийг бичсэн. “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.” (Ром 8:28)
Бурхантай харилцах харьцаанд хайр болон дуулгавартай байдал гар гараа атгаж явдаг. Яг л нэг зоосны хоёр тал шиг. Нэгдүгээрт, та хэн нэгэн хүнээс айх айдсаа даван туулахаас нааш тэр хүнийг жинхэнэ утгаар хайрлаж чадахгүй. Тиймээс та Бурханыг ууртай шүтээнээр төсөөлсөөр байвал та түүнийг таньж чадахгүй. Эсвэл таныг баривчлахаар бэлэн байгаа цагдаа шиг төсөөлөхөө болихгүй бол Түүнийг мэдэхгүй. Эсвэл танд туслахыг хүсэвч төдийлөн чадахгүй байгаа настай, буурал сахалтай хүнээр төсөөлсөн хэвээр бол та Бурханыг хэн болохыг мэдэж авахгүй.
Эдгээр дүрслэлүүд Библи дэх Бурханыг мэдэхгүйг чинь харуулж буй хэрэг. Бурханыг дэлхий хэрхэн шог зургаар дүрсэлсэн тэр л дүр зураг таныг хязгаарлаж байгаа хэрэг. Гэтэл Библид Түүнийг хайрлагч Эцэг гэжээ. Мөн Мосе Түүний хийхээр амласан зүйлийг “хайрын гэрээ” гэсэн байна.
Та Бурханыг жинхэнэ утгаар таньж мэдсэнээр Түүнийг хайрлах болно. Та Түүнийг жинхэнээсээ хайрлавал Түүний шаардлагыг биелүүлэхэд амар байна. Хэрэв тэгж чадах юм бол та Бурханы хүссэн зүйлд дуулгавартай байдлаар алхана. Эцэгийн мутрыг харж чадахгүй ч та Түүний сэтгэлд итгэж найдна.
Гэрээгээ сахидаг Бурханаас зуурч амьдарсан олон хүний гэрчлэлийг та Томас Чисхолм тэргүүтэй хүмүүсийн амьдралаас харж болно. Тэр бичихдээ “Таны итгэмжтэй байдал агуу, Бурхан, Эцэг минь! Таны дотор эргэлзэх сүүдэр ч байхгүй. Та өөрчлөгдөх ч үгүй, Таны өрөвч байдал дуусахгүй. Та ямар байсан мөнхөд тийм хэвээр үлдэнэ” гэсэн.
Түүний итгэмжтэй байдлыг амсах цорын ганц зам бий. Энэ бол Түүнд итгэх, Түүний зааварчилгаа болон шаардлагуудыг хүлээн авах, бас Түүнийг хайрлах арга зам. Тэгвэл та ч бас Паулын хамтаар “Та нарыг Дуудагч нь итгэмжит … Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна” гэж хэлж чадна.