Радио нэвтрүүлэг шимтэн сонсоод юу сурсан бэ гэхээр...

Радио нэвтрүүлэг шимтэн сонсоод юу сурсан бэ гэхээр...

Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе.

Нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Ховд нутагт аж төрдөг. Христэд итгэж Түүнийг дагах шийдвэрийг 2008 онд гаргасан. Үүнээс хойш амьдралд минь олон гайхамшигт өөрчлөлт шинэчлэлт гарч, 2014 онд Эзэний ерөөлөөр “Нигүүлсэл” хэмээх зоогийн газартай болсон. 
Хувираа хөдөлмөр эрхэлж гэр бүлийн санхүүгийн хэрэгцээгээ хангах үүднээс надад зоогийн газартай болох хүсэл мөрөөдөл байсан. Харин тэр үед манай гэр бүлд санхүүгийн боломж огтхон ч байгаагүй бөгөөд зөвхөн Эзэний үг л миний найдвар болж  байлаа. Эзэн тэр үед надад  ДУУЛАЛ 85:13-аар дамжуулан “Чи зөвт, шударга бай. Би чиний урд замыг чинь бэлтгэнэ” хэмээн сануулсан юм. Энэхүү амлалтаар дамжуулж одоогийн “Нигүүлсэл” зоогийн газрын суурь тавигдсан. Хамгийн чухал нь, санхүү мөнгө гээд хүний нүдээр харахад ямар ч боломж байхгүй мэт байсан ч Эзэн ЯВ гэж хэлсэн учраас итгэлээрээ үгийг нь дагаж, түүгээрээ ч одоо Эзэний ерөөлөөр зоогийн газар маань амжилттай ажилласаар байна.
Бурхантай харилцах хувийн харилцаагаа улам илүү тэлж, байгаа газраа Эзэний үгийг сонсож, Сүнсээр өсөх боломжийг радио нэвтрүүлгүүд надад олгодог. Бараг л Ховдод Гэр бүлийн радио цацагдаж эхэлснээс хойш “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг сонсож эхэлсэн. Сүүлд Итгэл радио төхөөрөмжөөрөө хэзээ хүссэн үедээ Библийн хичээлүүдээ сонсож суралцах боломжтой болсон. Библийн нэвтрүүлгүүдийг сонсоод амьдралдаа хэрхэн шийдвэр гаргах, мөн эцсийн үр дүнг Бурханд яаж даатгах талаар суралцсан нь миний амьдралын, сүнслэг талбарын маань нэг том алхам юм. 
Урьд нь ямар ч үр дүнгүй, дан ганц сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр их гаргадаг байлаа. Харин Итгэл радио төхөөрөмжийн олон төрлийн нэвтрүүлэг хичээлийг шимтэн суралцсанаар Бурхантай хувьчлан ярилцаж шийдвэр гаргах тал дээр өсөж дэвшсэн. Хүмүүсийн нөлөө, эсвэл бусдыг аялдан дагалдаж ямарваа нэг шийдвэр гаргах биш, Бурханы хүслийг таньж мэдэж, шийдвэр гаргах тал дээр суралцсаар явна. Итгэл радио маань өдөржингөө зоогийн газартаа хүмүүст үйлчилж, үлдсэн цаг заваа гэр бүлийнхэндээ зарцуулж зориулдаг завгүй над шиг хүнд үнэхээр сайн найз минь болсон доо. Та бүхний ажил үйлчлэлд өндөр амжилт хүсье!


Та манай нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг сонсоод урам авсан өөрийн түүх болон гэрчлэлээ бидэнтэй хуваалцаарай