Бурхан яг л миний хандлагыг өөрчлөхийг хүссэн байж...

Бурхан яг л миний хандлагыг өөрчлөхийг хүссэн байж...

Эзэний амар амгалан байг.

Миний бие хоёр хүүхэдтэй жирийн л нэг итгэгч гэр бүлийн төлөөлөл, эзэгтэй хүн. Бас Христитгэлт байгууллагад ажилладаг. Өнгөрсөн намраас сонсож эхэлсэн “Мэргэн зөвлөмж” нэвтрүүлгээр дамжуулан Бурхан, бидний амьдралд ажилласан нэгэн онцгой үйл явдлыг хуваалцаж гэрчлэхийг хүслээ.
Урьд нь Дуулал номыг зөндөө уншиж байсан. Харин “Мэргэн зөвлөмж” нэвтрүүлгийн “Арслан, наж могой, луу” гэх сэдэвтэй дугаарт Дуулал 91 бүлгийн талаар маш гүн гүнзгий тайлбарласныг сонссон юм. Тэр бүлэгт гардаг амьтдын мөн чанарыг бидэнд тулгардаг асуудал бэрхшээлтэй холбож, ер нь бидний яах ёстойг зааж ятгасан агуулгатай байсан. “... Арслан бол зоригтой амьтан. Тэд бидэнтэй шууд нүүр тулдаг. Биднийг төлөвлөөгүй, бэлтгэлгүй байхад бидэн рүү довтолдог. Яг л шөнө дунд ирсэн утасны дуудлага шиг. Эсвэл шуудангаар ирсэн нэхэмжлэх шиг. Гэнэт ажлаас халсан тухай мэдэгдэл шиг...”
Нэвтрүүлэг сонссоны дараагийн өдөр надад төдийгүй, миний гэр бүлд нэгэн ийм гэнэтийн зүйл тохиолоо. Манайх өнөөгийн залуу гэр бүлүүдийн жишгээр орон сууцны хороололд байр түрээсэлж амьдардаг. Гэтэл өглөө найм өнгөрч байхад хаалга тогшоод байрны эзэн орж ирээд “Ах нь эхнэрээсээ салж байгаа юм. Сүүлийн хэд хоног найзуудынхаараа явж хоног төөрүүллээ. Та хэд маань даруйхан энэ 7 хоногтоо багтаагаад байраа суллана байгаа” гэв. Хар өглөө таагүй мэдээ сонсоод “Өвөл дөхөж байхад хаанаас байр олох вэ? Хичээл сургууль эхэлчхээд байхад түрээсийн байр олдлоо юу! Үнэ нь тэнгэрт хадаж байгаа даа, одоо яах вэ?!” гэж бодох зуур өчигдөрхөн сонссон радио нэвтрүүлэг толгойд харван орлоо. “...Бидний амьдралд тохиолддог зарим асуудлууд яг л арслан шиг бидэнтэй шууд нүүр тулдаг. Бодит байдал дээр бидэнд тэдгээрийг даван гарахаас өөр арга зам байдаггүй.” Даван гарахаас л өөр аргагүй болохоор бас “Ямар ч хор хөнөөл чамд эс учирна, Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно” гэх Дуулал 91:10 эшлэлийг барьж аль болох тайван байя гэж шийдлээ.
Магадгүй энэ нэвтрүүлгийг сонсоогүй байсан бол би итгэгч ч гэлээ, эмэгтэй хүний зангаар уурлаж уйлж, үүссэн асуудалд Бурханыг буруутгаж, үгүйдээ л гомдож гомдлох байсан байх. Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарна гэдгийг Бурхан анхнаасаа мэдэж, бидний хүлээж байдаг. Тэгээд манайх гэдэг айл, тэр 7 хоногтоо багтаж байраа суллаж өгөөд өмнөхөөсөө арай давчуу байр руу нүүж орлоо. Нэвтрүүлэг сонсоод гаргасан “Гомдлохгүй шүү” гэсэн шийдвэр минь учиргүй баяр хөөртэй биш ч харьцангуй тайван байхад тусалсан. Удалгүй үнэхээр гайхамшигтай боломж тохиож, сар хүрэхгүй хугацааны дотор манайх эпотикийн зээлд хамрагдаж, өөрийн гэсэн байртай болсон. Бурхан үнэхээр итгэмжит! Хэдий орон гэртэй болох цаг нь ирчихсэн байсан ч, Бурхан радиогоор дамжуулан багахан асуудал үүсэхийг, тэрийг нь даваад гарах ёстойг сануулсанд нь үнэхээр талархаж байна. Гол нь, асуудалд хандах хандлагыг минь өөрчлөхийг хүссэн нь гарцаагүй, Түүний төлөвлөгөө байсан! Баярлалаа, Бурхан минь!


Та манай нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг сонсоод урам авсан өөрийн түүх болон гэрчлэлээ бидэнтэй хуваалцаарай