БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН БАЯЛАГ - Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Есүс Христ загалмай дээр амиа өгөх үедээ та бидний бүх гэм нүглийн төлөөсийг бүрэн төлсөн. Түүгээр ч зогсохгүй бид Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авсан тэрхэн мөчид Бурханы нигүүлслийн баялгийг ч бас Түүнтэй хамт хүлээн авдаг юм.
Бид Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авсан тэр мөчид бид Бурханы нигүүлсэлтэй нүүр тулдаг. Харин харамсалтай нь олон итгэгчид энэ мөчөөс цааш Бурханы нигүүлслийг хойш тавьж орхидог. Бурханы нигүүлсэл тэдний өдөр тутмын амьдралд ч хамаатай гэдгийг тэд тэр бүр ухаардаггүй. Харин үнэн хэрэгтээ Бурханы нигүүлсэл бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хамаатай юм. Үүнийг Др.Стэнли ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар өгүүлэх болно.
            Бурханы нигүүлслээр бид Бурханы Ариун Сүнсийг хүлээн авдаг. Тэр л Ариун Сүнс биднийг удирдаж, биднийг чиглүүлдэг. Ариун Сүнс бидэнд Бурханы үгийг тайлбарлан өгч, биднийг гэм нүгэлд төөрөн одох үед биднийг ятгаж сэнхрүүлдэг.
            Тиймээс итгэгч бидний хувьд “Бурханы нигүүлслийн баялгийг” ойлгож ухаарах нь маш чухал юм. Есүс Христээр дамжуулаад ямар их баялаг бидэнд бэлэг болгон өгөгдсөнийг бид мэддэг байх нь маш чухал. Тэгвэл Есүс Христийн загалмайгаар дамжуулан танд юу өгөгдсөнийг та мэдэх үү? Бидэнд өгөгдсөн Бурханы нигүүлслийн баялаг чухам юу болохыг Др.Стэнли бидэнд энэ цагт тайлбарлан өгөх болно. Ингээд Др.Стэнлийг урьцгаая.