ХҮЛЭЭХҮЙ

“Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн.” Гашуудал 3:25-26

Жеймс Мак Конкий “Яаруу зан бол бидний нийт алдаа эндлийн 9/10 төрүүлдэг...” гэж их зөв хэлжээ. Гэвч хүлээж суух нь хөгжил дэвшлийн замналтай зөрчилдөж байгаа мэт санагдана. Өнөө цагийн бид юу ч хийхгүй байхаас ямар нэг юм хийх нь илүү зөв зүйтэй гэж ерөнхийдөө итгэж амьдардаг. Харин хүлээж суух бол юу ч хийхгүй байхтай утга нэг. Гэвч хүлээх нь ирээдүйн зөв сонголтод бэлтгэх эерэг үйлдэл билээ. Бурханы цаг товлолыг хүлээх явдал биднийг эмгэнэлт алдаанаас авардаг. “Бүхий л юманд тогтоосон цаг хугацаа гэж бий” гэж Соломон хаан Номлогчийн үгс номондоо бичжээ. Зөв цаг хугацааг хүлээн байх нь хэзээ ч амар биш. Гэхдээ Мартин Лютерын бичсэн шиг “Бурханыг хүлээдэг хүн ямар ч цаг хугацаа дэмий үрэхгүй.” 
Анд минь, таны хувьд ямар байгааг би мэдэхгүй. Гэвч хүлээх гэдэг нь миний хувьд төрөлхийн давуу талуудын маань нэг байсангүй. Магадгүй та ч бас миний адил хүлээж сурах нь үнэндээ зовлонтой туршлага гэдгийг ойлгоо байлгүй. Харин хүн бидний бодол болон Бурханы бодлын хооронд нэг асар том ялгаа бий. Түүний бодол санаа цаг хугацааны нөлөөнд автаагүй учраас бидний бодлоос ондоо байдаг. Тийм ч учраас Бурхан аливааг хийх гэж хэзээ ч яардаггүй. Харин бид бол тийм биш. Тиймээс бид өөрсдийнхөө цаг товлолоор биш, харин Түүний цагийн хуваарь ёсоор амьдарч сурах учиртай. Хэрэв та Ариун Бичээсийг унших юм бол Бурхан хүүхдүүддээ зөв цаг товлолыг хүлээхийг хэзээд заадаг байсан тухай уншина. Давид, Соломон, Иов, Мика, Исаиа, Элч Паул, бүгд хүлээх нь ямар ач холбогдолтой тухай бичиж, үүнийг сөрөг үзэгдэл биш, харин эерэг зүйл гэж үздэг байлаа. Бурханы ард түмэн Вавилоны хаан Небухаднезарын цэргийн хүчинд автсан үед олон хүн бодохдоо Бурхан тэднээс нүүрээ буруулсан, тэднийг мартсан гэж үзжээ. Гэтэл Бурхан айлдахдаа “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэв. (Иеремиа 29:11)
Бурханы цаг товлолыг хүлээх нь цаг хугацааг дэмий үрэх утга биш. Гэвч Бурханы цаг товлолоос урьтаж гүйх нь бидэнд сүйрлийг авчрах боломжтой. Хүлээх гэдэг нь бидний хэзээ ч амарч чаддаггүй сэтгэл зүрхийг тэнгэрлэг хүсэлтэй нийцүүлж өгдөг явдал. Хүлээх нь бидний өмнө Түүний дэлгэж өгөх зүйлд биднийг бэлтгэдэг. Эш үзүүлэгч Иеремиа “Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн” гэж бичсэн. (Гашуудал 3:25-26) Анд минь, та юунд яарч сандарч байна вэ? Хэрэв аливаа үүд хаалга нээгдээгүй бол үргэлжлүүлэн тогшоорой. Гэвч Эзэний цаг товлолыг зайлшгүй хүлээгээрэй. Харин Тэр таныг нээлттэй хаалганы өмнө нэгэнт авчирвал тэр хаалгыг таны өмнө хэн ч хааж чадахгүй.
Хүлээж суухын тулд бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Бурхан бүхнийг бүрэн хяналтандаа авсаныг бид зөвшөөрөх хэрэгтэй. “Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана. Алхлаа эс цуцна” гэж эш үзүүлэгч Исаиа бичжээ. (Исаиа 40:31) Бурхан бидэнд хүлээж сурахын үнэ цэнийг зааж өгөх болтугай. Ирээдүйн нарийн зүйл бүрийг зохицуулна гэж Түүнд итгэхийг бидэнд зааж өгөх болтугай. Мөн бидний хэзээ ч санаа амрахгүй, тэвчээргүй занг Бурхан уучлах болтугай. 


НАРНЫ ДООРХ БҮХ ЗҮЙЛД ӨӨРИЙН ГЭСЭН ЦАГ ХУГАЦАА ГЭЖ БИЙ.