АЧ ЗЭЭ НАРТАА НӨЛӨӨЛӨХҮЙ

АЧ ЗЭЭ НАРТАА НӨЛӨӨЛӨХҮЙ

“Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ” Үйлс 2:39

Өнөөгийн харилцаа холбоо тасарсан ертөнцөд гэр бүлүүд голдуу хуваагдаад, орон зайгаар зааглагдсан. Тиймээс эмээ өвөө нар ач зээтэйгээ харилцаа холбоотой байх улам хэцүү болсон. Гэхдээ бүр боломжгүй биш. Би та бүгдэд хүүхдийнхээ хүүхдэд хэрхэн үр нөлөө үзүүлэх зургаан арга замыг зааж өгье.
1-р зөвлөмж: Өөрийнхөө амьдралаар Бурханы нигүүлслийн бодит гэрчлэлийг харуул. Би хүмүүсээс “Та өөд болсныхоо дараа юугаараа дурсагдмаар байна вэ?” гэж асуудаг байсан. Хүмүүсийн хариулт их ондоо байсан л даа. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна. Та ямар нэг байдлаар хүмүүст дурсагдана. Миний өвөө их харамч, хэмнэгч хүн байсан. Харин эмээ маань их өгөөмөр. Түүний хийдэг овьёосны жигнэмэг болон шарсан тахиа дэлхий дээр нэгт орох амттай. Намайг их сургуульд сурч байхад эмээ маань надад захидал бичихдээ дандаа мөнгө явуулдаг байсныг өвөө огт мэдээгүй өнгөрсөн. Та юугаар дурсагдмаар байна вэ?
2-р зөвлөмж: Ач зээ нарынхаа амьдралд оролцоотой бай. Утасны харилцаа бол хоёр талтай зүйл юм. Ахмад настнууд маань утасны нэг үзүүр дээр суучхаад хүн ярихыг хүлээн хэн ч утастахгүй байгаад гомддог. Тэгвэл ахмад андууддаа хэлэхэд, та өөрөө хүүхдүүд рүүгээ юмуу ач зээ нар руугаа долоо хоног бүр утсаар ярьж, эсвэл мессеж бичиж яагаад болохгүй гэж? Хэрэв та олон ач зээтэй бол утсандаа тэдний дугааруудыг сануулаад “Чи минь ямаршуу байна? Чамд туслах онцгой хэрэгцээ байна уу? Амьдралд чинь юу болж тохиолдож байна?” гэж тэднээс асуугаарай. Та тэдэнд садаа болж байна гэж бүү бодоорой. Үнэндээ та тэдэнтэй харилцаагаа амьд байлгаж байгаа хэрэг билээ.
3-р зөвлөмж: Ардаа үлдээж байгаа сүнслэг өв залгамжлалаа бүртгээрэй. Миний хадам аав Гай Даффийлд миний мэдэх хамгийн бурханлаг хүмүүсийн нэг байлаа. Бурхан түүнийг тэнгэрийн гэрт нь аваад явах шөнө тэр надаас Дуулал 71-р бүлгийг уншиж өгөхийг гуйж билээ. Тэр хэсэгт “Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч!”. “Харолд хүү минь, би ийм байж чадсан уу?” гэж тэр надаас асууж билээ. Сүнслэг өвөө үлдээж чадсан хүн гэж хадам аавыг минь зүй ёсоор нэрлэж болно.
4-р зөвлөмж: Бурханы аврал нигүүлслийн тухай өөрийн гэрчлэлээ бичиж үлдээ. Захидал бичээрэй. Тэр байтугай төрөөгүй ач зээдээ хүртэл юм бичиж үлдээ. Дүрс бичлэг хийх юмуу амьдралынхаа түүхээ уншаад дуу бичлэг хий. Ирээдүйн үеийнхэнд Бурхан таны амьдралд юу хийж өгснийг ярьж өгөөрэй. Өөрийн түүх намтраа яриарай. Тийм ээ, тэд мэдэхийг хүсэж байгаа.
5-р зөвлөмж: Ач зээ нараа залбирлаар хашиж хамгаалаарай. Таны хийж чадахгүйг Бурхан чадна, мөн хийх ч болно. Түүнд итгээрэй. Заримдаа ач зээ нар чинь таны зөвлөгөөг үл ойшооно. Гэхдээ таны залбирлаас хэзээ ч зугтаж чадахгүй. Тийм ээ, та тэдний төлөө залбирснаар өөрчлөлтийг авчирч чадна.
6-р зөвлөмж: Гэр орноо эмх цэгцтэй болго. Энэ нь юу гэсэн утгатай үг вэ? Өстөн дайсантайгаа эвлэр. Булш руугаа гашуудал хорсол, хатуу ширүүн бодлууд болон уур уцаартай дурсамжуудаа бүү авч ороорой. Хүмүүсийг уучлаарай. Гашуудал хорсол хүнийг алж хөнөөнө. Харин уучлал бүхнийг тэнцвэржүүлж эдгээдэг.
Амьдралд өөрчлөлт авчирсан эмээ өвөө болоорой. Та тэгж чадна.


ЯГ ӨНӨӨДӨР ЭХЛЭЭРЭЙ.