ТА ҮНЭХЭЭР ОНЦГОЙ НЭГЭН ГЭЖ ҮҮ?

ТА ҮНЭХЭЭР ОНЦГОЙ НЭГЭН ГЭЖ ҮҮ?

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ...” Лук 19:10

Нэгэн төрийн өмчит сургуулийн толин дээр “Одоо та дэлхий дээрх хамгийн онцгой хүн рүү харж байна” гэсэн бичиг наасан байжээ. Энэ үг бол хүүхдүүдэд өөрийгөө хүндлэхүйг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрийн нэг хэсэг байв. 
Заримдаа эцэг эх нь хүүхдүүдийнхээ амжилт ахицыг дутуу үнэлдэг. Жишээ нь, “Чи яагаад эгч шигээ хичээгээд сурч чаддаггүй юм бэ?”, эсвэл “Чи ёстой тэнэг юмаа”, эсвэл “Босооч, залхуу минь”, эсвэл “Чи ингэж аашлаад юунд ч хүрч чадахгүй” гэж хүүхдүүддээ хэлдэг. Хэрэв та хүүхдэдээ ямар нэг зүйлийг тогтмол хэлж, бас тэр зүйлийг онцолж яриад байвал хүүхэд чинь тэр зүйлд итгэж өснө. 
Гэхдээ хүүхдэд, “Чи бол дэлхий дээр хамгийн онцгой хүн” гэж хэлэх нь түүнд буруу утгаар ашиг тусаа өгнө. Яагаад вэ? Учир нь онцгой хүмүүс онцгой эрх ямба авна гэж хүсэн хүлээдэг. Бас онцгой хүмүүс дүрэм журам дагадаггүй. Тэд аливаа дарааллын эхэнд очиж, хүмүүсийн дундуур чихэж урагшаа тэмүүлэхдээ “Яагаад болохгүй гэж? Би чинь онцгой шүү дээ” гэж хэзээд боддог. Багш нараасаа юмуу сургуулийнхаа захиргаанаасаа ондоо харьцааг тэд хүсэн хүүлээдэг. Яагаад тэгдэг вэ? Учир нь “Би онцгой” гэдэг бол “Та надтай бусад хүүхдүүдтэй харьцдаг шиг харьцаж болохгүй” гэсэн утгатай үг. Дараа нь тэр хүүхдүүд насанд хүрээд бодит амьдралд ямар ч бэлтгэлгүй гэдгээ олж мэддэг. Хүн өөрийгөө дэлхий дээр онцгой нэгэн гэж хэчнээн бодлоо ч амьдрал дээр онцгой амралт чөлөө юмуу онцгой эрх ямба гэж үнэндээ байдаггүй. 
Хүүхдэд хандаж түүнийг хайрлагдсан нэгэн гэж, түүгээр барахгүй түүнийг хосгүй нэгэн гэж ойлгуулах нь нэг хэрэг. Гэвч хүүхдийг дэлхий дээрх хамгийн онцгой хүн мөн гэсэн үгийг хэлж өсгөх нь бодит байдалтай нийцэхгүй зүйлийг хүүхдэд ойлгуулж буй хэрэг билээ.
Үнэндээ хүн бүхэн хосгүй байдаг. Хэрэв та нэг өндгөн эсийн ихрийн нэг биш л бол энэ дэлхий дээр тантай адил хүн гэж үгүй. Тэр байтугай та нэг өндгөн эсийн ихрүүдийн нэг байлаа ч өрөөл чинь чиний бодлыг бодож чадахгүй, чиний мэдэрч байгааг мэдэрч чадахгүй, чиний харж байгааг харж чадахгүй. Онцгой байх гэдэг нь та олны дотроос сондгойрохыг хэлж байгаа. Та бусдаас өөр, эсвэл та бусдаас илүү дээгүүр сайн харьцааг амсах учиртайг хэлж байгаа утга.
Одоо нэг асуулт асууя: Та Бурханы хувьд онцгой нэгэн мөн үү? Тэр ер нь хүн болгоныг онцгой гэж үздэг үү? Та энэ асуултад юу гэж хариулах вэ? Магадгүй, та Бурханы танаас хүсэн хүлээж байгаа тэр жишигт хүрэхгүй, тэр зүйлээс үнэхээр хол гэдгээ мэдэрч болох юм. Тиймээс тэнгэр диваажингаас Бурхан тан руу эргэж харах ч үгүй гэж бодож байгаа байх. За яахав, энэ асуулт биднийг ямар ч шийдэлд хүргэхгүй байх. Гэвч танаас асуух илүү оновчтой асуулт надад бий: “Би Бурханы хувьд чухал ач холбогдолтой юу?” Энэ асуултын хариулт огтхон ч хоёрдмол биш. Яагаад гэвэл Библи тэр чигээрээ маш тод томруунаар: “Тийм ээ, та Бурханы хувьд чухал ач холбогдолтой!” гэж өгүүлж байна. Бурханд гологдогсдын нэрсийн жагсаалт гэж үгүй. Хаан сэнтийн танхимын хаалга нээлттэй, Христ өөрөө тэр хаалга билээ. Тэр айлдахдаа “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэжээ. (Иохан 14:6). 
Та Шинэ Гэрээг уншвал Есүс дэлхийн жишгээр тийм ч “онцгой” гэж хэлэгдэхгүй хүмүүстэй цаг зав гарган уулзаж байсныг бараг түүх бүрээс харж болно. Худаг дээр уулзсан эмэгтэй (өнөө цагт бид түүнийг завхай эмэгтэй гэж нэрлэх байсан), шударга бус аргаар мөнгө олдог байсан Закхай, завхайрч байхдаа баригдсан биеэ үнэлэгч эмэгтэй гэх мэт олон хүнтэй Тэр уулзаж байсан. Есүс тэр хүмүүст цаг гаргаснаараа Эцэгийнхээ үнэлэмжийг тусган харуулжээ. Есүс болон Эцэг хоёр танд бас цаг гаргахад бэлэн байна.


“ОНЦГОЙ” БАЙХ БОЛОН ЧУХАЛ БАЙХ ХОЁРЫН ХООРОНД АСАР ТОМ ЯЛГАА БИЙ.