ӨӨРИЙН ХУУЧИН МӨН ЧАНАРЫН ХҮЛЭЭСИЙГ ТАЙЛАХ

ӨӨРИЙН ХУУЧИН МӨН ЧАНАРЫН ХҮЛЭЭСИЙГ ТАЙЛАХ

“Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.” Ром 8:1-2

Та хийвэл зөв зохих зүйл болон үнэндээ хийхийг хүсэж буй зүйлийн голд, ацан шалаанд орсон мэдрэмжийг амсаж байсан уу? Хэрэв та “үгүй, тэгээгүй” гэж хариулбал, нэг бол үнэнийг хүлээгээгүй, эсвэл таны мөс чанар хэдийнээ ажиллахаа больсон гэсэн үг. Энэ зөв буруугийн хоорондын тэмцэл бол эртний зүйл. Элч Паул хүртэл энэ зөрчлийг амссан. Түүний сэтгэлд явагдаж байсан тулаан тэмцлийн талаар тэр ний нуугүй ярьсан. Тэр хэлэхдээ “Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг” (Ром 7:19) гэв. 
Бурханы Үгэнд маш тодорхой өгүүлжээ. Та дахин төрөхөд Бурхан Христийн хийсэн үйлийг хүлээн авч таны өмнө тавьж тооцуулдаг гэжээ. Паул “Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм” (Колоссай 1:13) гэж бичсэн. Энэ нь үнэхээр гайхамшигтай зүйл. Өөрөөр хэлбэл, танд сүнслэг утгаар шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэсэн үг.
Тэгвэл та үүнээс хойш өөрийн эрхгүй зөвийг үйлддэг болох уу? Үгүй, огт тэгэхгүй. Нэг талаас үзвэл, та амьдралынхаа хамгийн догшин ширүүн тулаанд орж эхэлж байна гэсэн үг. Тийм ээ, та Бурханы хүүхэд. Тийм ээ, Ариун Сүнс таны амьдралд оршихоор ирсэн. Тийм ээ, та Есүс Христийнх болсон. Гэвч та дэлхийд амьдарсаар байгаа. Тиймээс таны хуучин буюу нүгэлт мөн чанар таны шинэ сүнслэг мөн чанартай дайтна.
Паул Ром хотынхонд хэлэхдээ бид хуучин мөн чанараа үхмэл гэж үзэх учиртай гэсэн. Өөрөөр хэлбэл, та махан биеэ тэтгэн тэжээхгүй гэсэн үг. Буруу муу зүйлийг хийхэд амар байлгахгүй гэсэн үг. Таныг хялбархан урхидаж болох сул дорой талбаруудаас зайлсхийнэ гэсэн үг. Жишээ нь юунаас вэ? Хүн бүхэн үүнд өөрийн гэсэн хариултыг өгөх байх.
Энгийнээр хэлэхэд, танд өөрийн гэсэн хүсэл зориг бий. Бурхан түүнийг чинь танаас аваад явахгүй. Тийм ээ, Бурханы Ариун Сүнс танд хүчийг өгч, тусалж чадна, тэгж ч байгаа. Гэхдээ явах замаа шийддэг нэгэн бол та өөрөө.
Хэрэв та хоёр мөн чанарын энэхүү эртнээс уламжлагдсан тулаанд оролцож байвал би танд гурван зөвлөмжийг өгье. Та сэтгэлдээ сийлж аваарай:
1-р зөвлөмж: Эзэнтэй харилцах харилцаагаа халуун дулаан, хувьчилсан байлга. Яг үүн дээрээс үндэслэн та тулаанд ялах уу, ялагдах уу гэдэг нь шийдэгддэг. Бурханы Үгийг уншихад цаг гаргаж, залбиралд цаг зарцуулах ёстой. Сүнслэг уналтад орохдоо унасан гэдгээ тэр даруйд хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө болон ах эгч дүүсийнхээ өмнө түүнийгээ улайж, Бурханы хүч болон тусламжийг гуйх ёстой.
2-р зөвлөмж: Зөв хүмүүстэй нөхөрлө. Үгүй дээ, Христитгэгч биш бүх хүнтэй нөхөрлөлөө тасал гэж би танд зөвлөөгүй. Харин ч эсрэгээр, Бурхан таныг давс болон гэрэл болоосой гэж хүссэн. Амтыг өөрчлөхийн тулд давсыг савнаас нь гаргаж цацдаг. Мөн гэрэл ч бас сүм чуулганы хаалгаар гадагш тусах учиртай. Гэвч буруу гэдгийг мэдэж буй харилцаатай байх юм бол тэрнийгээ бүрмөсөн таслах шаардлагатай. Та энэ талбарт уналттай байх юм бол Бурханы хүүхэд гэсэн баталгаагаа хэзээ ч авч чадахгүй.
3-р зөвлөмж: Зөв дадал зуршлыг бий болго. Хэн нэгэн хүн ингэж хэлжээ “Гинжин цуваа мэт зуршил тань мэдрэгдэхгүй сул хүчгүй зүйл байдаг. Гэвч тэгж явсаар байгаад таслах боломжгүй бат бэх гинж болдог.” Буруу зуршлыг зөв дадлаар орлуулаарай.
Өөрийн тэмцлийн тухай Ром 7-р бүлэгт Паул өгүүлсний дараа Ром 8-р бүлгийг эхлүүлэхдээ “Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэж хэлжээ. (Ром 8:1). Бурхан ажилласан хэвээр, хүмүүст өөрийнхөө хүлээсийг таслахад тусалсаар, Өөрийн Сүнсний хүчээр биднийг чөлөөлсөөр байна.