ХЭДЭН УДАА ГУЙХ ВЭ?

ХЭДЭН УДАА ГУЙХ ВЭ?

“Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ” Иохан 11:41-42

Бурхан таныг сонсох хүртэл та нэг ижил залбирлыг хэдэн удаа залбирах ёстой вэ? Тэр танд хариу өгтөл Бурханаас нэг ижил зүйл хийхийг хэдэн удаа гуйх ёстой вэ? Нэг, хоёр удаа юу? Эсвэл гуйсан зүйлээ автлаа өдөр бүхэн гуйх ёстой юмуу? Хэцүү асуулт байгаа биз? Заримдаа ямар нэг зүйл танд хэцүү санагдахад та түүний талаар залбирдаг. Гэтэл ямар ч зүйл тохиолдох шинжгүй болоход та ахин дахин залбирна. Эсвэл та залбирахаа бүрмөсөн болих уу? Зөв үгээ олж залбирч чадахгүй байна гэж бодох уу? Эсвэл “Бусад хүнд энэ үйлчлээд байгаа ч надад үйлчлэхгүй байна!” гэж бодох уу?
Энэ асуудал бидний хувьд санаа зовоосон зүйл болохыг Есүс урьдаас мэдсэн. Тиймээс бидэнд нэг хотод амьдарч байсан нэгэн бэлэвсэн эмэгтэйн түүхийг өгүүлсэн. Нэг хотод бас Бурханаас ч эмээдэггүй, хүмүүсээс ч айдаггүй нэгэн шүүгч амьдарч байжээ. Эмч Лук энэ түүхийг Библийн Лук 18 бүлэгт бичиж тэмдэглэжээ.
Есүсийн бидэнд ярьж өгсөн тэр бэлэвсэн эмэгтэйг хэн нэгэн хүн мэхэлсэнд тэр эмэгтэй шүүгчид очиж, шударга ёсыг нэхжээ. Шүүгч хэсэг хугацаанд түүнийг үл тоомсорлон, энэ нөхцөл байдлыг шийдвэрлэж өгөхгүй байжээ. Тэгтэл эмэгтэй өдөр бүхэн нэг ижил зүйл хүсэж ирсээр байв. Эцсийн эцэст шүүгч бууж өгчээ. Тэр ингэж хэлсэн “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5 боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий.” (Лук 18:4-5) 
Есүс ярьсан түүхийнхээ оршил хэсэгт шавь нараа “Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстой...” гэж хэлжээ. (Лук 18:1) Магадгүй та “Тэгвэл бид энэ бэлэвсэн эмэгтэй шиг хариултаа аван автлаа тэнгэр диваажингийн үүдийг тогшсоор байх учиртай юу?” гэж бодох байх. Бид эндээс хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй. 
Нэгдүгээрт, Хэнийг ч үл тоодог, баян болон алдартай хүмүүсийн талд үйлчилдэг, мөн хүнийг огт хүндэлдэггүй шүүгчийн дүр зураг бол бидний тэнгэрлэг Аавын жинхэнэ дүр зураг биш шүү. Хөрөнгө мөнгө, алдар нэрийн аль нь ч тэнгэр диваажингийн сэнтийн танхимын хаалгыг нээж өгөхгүй. Цаашлаад, “Бурхан өнөөх эгэлхэн бэлэвсэн эмэгтэйн талд байгаа. Өнөөдөр амьдралд нь шударга ёс, эрх тэгш байдал үйлчлэхгүй чухал бус хүмүүсийн талд Бурхан байна” гэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Хоёрдугаарт, Түүнчлэн их хүндрэлтэй тулгаран завхарсан тогтолцооноос шударга ёсыг олох гэж хичээж буй бэлэвсэн эмэгтэйн дүр зураг бол үнэндээ залбирал хэрхэн үйлчилдэг талаарх зөв зохистой зураглал биш. Шинэ Гэрээнд тод томруунаар өгүүлэхдээ залбирал бол хүүхэд аавтайгаа харилцах харилцаан дээр үндэслэдэг гэжээ. Галат 4-р бүлгийг тэмдэглэж аваарай. Энд биднийг Бурханы Хүү Есүс Христэд итгэх итгэлээр тэнгэрлэг Аавд үрчлүүлсэн, улмаар Түүний хүүхдүүд болсон гэсэн байна.
Одоо бүгдээрээ анхныхаа асуултад хариулцгаая. “Бурхан таныг сонссон гэдгийг баттай мэдэхээс нааш та Түүнээс ямар нэг юм үйлдэхийг хэчнээн удаа гуйх учиртай вэ?” Одоо би танаас хоёрдугаар асуултыг асууя: “Та хүүхэд байхдаа ааваасаа хэдэн удаа ямар нэг юм гуйсны эцэст тэр танд хариу өгдөг байсан бэ?” Та түүний анхаарлыг өөр дээрээ тогтоож чадвал тэр шууд хариу өгдөг байсан, тийм үү? Танд хүссэн болгоныг чинь дандаа өгдөг байсан уу? Үгүй дээ, тэр танд дэндүү хайртай ч гуйсан болгоныг чинь өгдөггүй.
Заримдаа та залбиралдаа тууштай байж, Бурханы хүсэл мөн гэж мэдэрсэн зүйлийг үйлдэж өгөхийг Түүнээс удаа дараалан гуйх учиртай. Та тэнгэр диваажинтай харилцаатай болсоноо мэдэрч байгаа ч хариултаа хараахан аваагүй байна. Тэр цэгээс цааш нэг ижил зүйлийн төлөө гуйсаар байх шаардлагагүй, харин Түүний хариулт ирэх тул урьдаас Түүнд талархаж, мөн таны гуйсан зүйлийг хийж өгөхийг нь тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Есүс энэ тухайд хэлэхдээ “...Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг” (Матай 6:8)