БҮХ ТАЙВШРАЛЫН БУРХАН

БҮХ ТАЙВШРАЛЫН БУРХАН

 “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн” 2 Коринт 1:3 

Гал ноцон шатаж, унтрахгүй байгаа буттай цөөн хүн тааралдаж байсан байх. Харин Мосе бол тэр цөөн хүний нэг. Бурханы дуу хоолойг бодитоор сонссон хүмүүс бас цөөн байх. Мосе бас л тэр цөөн хүний нэг. Гэвч  Мосе Бурхан руу хашхиран “... хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм…” Гэтлэл 33:13 гэж гуйж байсан нэгэн. 
Бурханыг таньж мэдэх нь түүний зүрх сэтгэлийн хүсэл байжээ. Элч Паулын хувьд ч мөн адил. Тэр Бурханы хүү Есүс Христтэй таны уншиж юм уу сонссоноос хамаагүй өөр байдлаар уулзсан. Тухайн үед Тарс хотын Саул гэдэг нэртэй байсан Паул Дамаск хот руу явах замд гарсан байлаа. Тэр өршөөл энэрлийн ажлаар тухайн үед яваагүй. Түүний зорилго нь Есүс Христийн дагалдагчдыг олж, баривчлаад, шоронд хаях байв.  
Тэгээд замдаа явж байхдаа хурц тод гэрлээс болж хараагүй болжээ. Есүс Христ Саулд Өөрийгөө ингэж онцгой аргаар илчилсэнд түүний амьдрал орвонгоор эргэв. Тэгээд тэр анхны үеийн сүм чуулганы агуу илгээлтийн эзэн, теологич, авралын зар тараагч болсон. Паул “Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд...” Филиппой 3:10 гэсэн байна. Хэрэв Паулд гашуудал зовлонгийн аягыг амсуулаагүйсэн бол Христийг мэдэх боломжгүй байлаа.
Хүний сэтгэлийн хар бараан өдрүүдийг, өөрөө амсаж үзээгүй хүн үүнийг ойлгож чадахгүй гэдэгт би итгэдэг. Жишээ нь таны дэргэд олон жилийн турш хамт байсан ханиа алдах. Үр чинь хахаж байснаа, гэнэтхэн царай нь хөхөрч, таны гар дээр нас барахтай адил эндэл. Эрүүл мэндээрээ хохирч, эсвэл хөл гараа тайруулах гэх мэт зүйл.  
Гэвч таныг ойлгодог Нэгэн гэж бий. Тан шиг нөхцөлд орж үзсэн Нэгэн бий. Бусад хүн хоосон үг хэлж, эдгээхээс илүү улам шархлуулж байхад таныг тайвшруулан тайтгаруулж чадах Нэгэн гэж бий.  
Гашуудал, ганцаардал, хавчлага, урвалт тэргүүтэй зүйлийг амссан Паул байна. Гэтэл дарамттай тэмцэлдэж байхдаа ч хүртэл Паул тэр Нэгэнийг “Бүх тайвшралын Бурхан” гэж дүрсэлжээ. Мөн “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн” 2 Коринт 1:3 гэж  хэлсэн байдаг. Түүний үгс яг л ядарч сульдсан сэтгэлийг сэргээх тосон түрхлэг мэт.
Харин одоо та өөрийнхөө амьдралтай холбож дараах үгийг анхааран бодно уу. “Өршөөлийн Эцэг” болон “Бүх тайвшралын Бурхан” гэж бодоорой. Тэр Бурхан өөрийгөө Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж тунхаглажээ. Гурвуулаа идэвхтэй, оролцоотой. Есүс таны хэрэгцээг амсахын тулд ирсэн. Тэр бол махан бие дэх Бурхан. 
Энэ бол үнэн байгаасай гэж хүсэж найдсан хүмүүсийн бий болгосон зохиомол түүх биш. Харин бидний амьдралд хамгийн их гүн хэрэгцээтэй бодит зүйл юм. Есүс айлдахдаа Ариун Сүнс Бурханыг Тайвшруулагч, хүмүүс бидэнд хүрч эдгэрэл, тусламжийг өгдөг нэгэн гэжээ. Төгсгөлд нь, “Бүх тайвшралын Бурхан” гэдэг хэллэг дэх бүх гэсэн жижигхэн үгийг анхаараарай. Та Түүний гарт, хайрын Бурханы тэвэрт байна. Бусад хүн үүнийг ойлгохгүй.


ТЭР БОЛ ӨРШӨӨЛИЙН ЭЦЭГ БӨГӨӨД БҮХ ТАЙВШРАЛЫН БУРХАН МӨН