НАЙДВАРЫН БУРХАН

НАЙДВАРЫН БУРХАН

 “Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм” Ром 15:13 

Мэргэн зөвлөмж нэвтрүүлэгт “Бямба гарагт би үнэхээр дарамтад орсон тул үхмээр санагдаж байлаа. Анх удаа ийм мэдрэмж төрж байгаа юм биш. Би яаж ч хичээсэн ийм мэдрэмжүүд бий болоод л байна” гэсэн захидал ирсэн юм. Ингэж дарамтад орсон шалтгаан нь, өглөө эгчтэйгээ зөрчилдөөд сэтгэлд нь хүнд туссан гэж нэмж тайлбарлажээ.
Өөр нэг захидалд, нэгэн эмэгтэй өсвөр насны хүүхэдтэйгээ, архичин аавтайгаа бас хар тамхи, архи хоёрыг хэтрүүлэн хэрэглэдэг нөхөртэйгөө харьцах гэж яаж тэмцэлдэж байгаагаа өгүүлсэн байсан. Тэгээд “Надад үнэндээ ямар ч найдвар алга. Миний юу гэж хэлэх гээд байгааг та мэдэж байна уу?” гэж асуусан байлаа.
Гуравдугаар захидал их нийтлэг асуудлыг онцолжээ. Үүнийг бичсэн хүн хэлэхдээ “Би найм гаруй жил сүм чуулганд явсан. Тэгээд Израилийн хөвгүүдийн адил би итгэлээсээ маш ихээр урвасан. Бурханы мэлмийд дахин нигүүлслийг хүлээж авч чадахгүй гэж бодох хэмжээнд би итгэлээсээ тэрсэлсэн. Миний гэм нүгэл үнэхээр их. Үүнээс гарах цор ганц арга бол амиа хорлох гэж боддог байв. Би Бурханы өршөөлийг гуйж их л хашхирсан. Гэтэл Бурхан дүлий дүмбэ байсан. Би яагаад ийм гүн намагт шигдчихсэн юм бол доо гэж гайхаад гайхаад барахгүй...” 
Шинэ Гэрээнд Бурханы мөн чанар болон Түүнд хамаарах бидний харилцааг дүрсэлсэн гурван үг хэллэгийг та олж харж болно. Еврей номыг бичсэн хүн Бурханы тухай дурдахдаа “Амар тайвны Бурхан” гэв. Энэ үг хэллэгийг элч Паул захидалдаа дөрвөн удаа ашиглажээ. Харин Паул Коринт хотынхонд бичихдээ “Бүхий л тайвшралын Бурхан” гэдэг хэллэгийг ашиглав. Гэвч Ром хот дахь сүм чуулганд байдаг найз нөхдөдөө захидал үсэглэхдээ Паул Бурханыг “Найдварын Бурхан” гэв. Тэр хэлэхдээ “Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм” Ром 15:13 гэжээ. 
Хуучны Шотландын нэгэн номлогч “Хараалын үгс нь мэдээж бузар муу. Гэхдээ хүний хэрэглэж болох хамгийн бузар үг бол “найдваргүй” гэсэн үг юм. Найдваргүй гэж хэлэх нь Бурханы өөдөөс хаалга савахтай адил” гэж хэлжээ. 
Та найдварын Бурханыг таньж мэдэх үү? Эсвэл таны мэддэг Бурхан, ууртай Бурхан юм уу? Бидний оюун ухаандаа дүрсэлдэг Бурхан ихэнхдээ Библийн Бурхан биш байдаг нь их сонин. Харин бидний хүүхэд насны буруу ойлголтоос төрсөн Бурханы дүр төрх байдаг. Түүний дүр төрх дэлхийн үзэл санааны нөлөөгөөр гажсан. Бас Сатан таныг Бурхантай харилцаагүй болгохыг зорьж Түүний дүр төрхийг манантуулдаг гэдгийг хүлээн зөвшөөр. 
Ром хотынхны төлөө Паул залбирахдаа “Найдварын Бурхан тэдний зүрх сэтгэлийг, Бурхан Ариун Сүнсний хүч чадлаар баяр хөөр болон амар тайвнаар дүүргэх болтугай” гэж гуйсан. Энэ бол найдваргүй нөхцөлд найдахын нууц билээ. Бурхан байгаа газар найдвар бий. Амь амьдрал байгаа газарт Бурхан байдаг гэсэн үг. Үүнийг бүү мартаарай.


НАЙДВАРЫН БУРХАН ТА НАРЫГ ИТГЭЛ ДОТОР БҮХ БАЯР БАЯСГАЛАН БА АМАР ТАЙВНААР ДҮҮРГЭХ БОЛТУГАЙ