ХҮҮХЭД ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ТЭНЦВЭРИЙГ ОЛОХ АРГА ХЭМЖЭЭ

ХҮҮХЭД ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ТЭНЦВЭРИЙГ ОЛОХ АРГА ХЭМЖЭЭ

“Залуу хүний хөвгүүд дайчны гарт буй сум адил”. Дуулал 127:4

Залуухан ээж хүүхдээ зандран “Одоо чимээгүй бол” гэж загнаж байв. Нэг ой ч хүрээгүй тэр хүүхдийг би хараад л өвчтэй байгааг нь мэдсэн. Хамраас нь нус гойжиж, нүд нь нуухтай байлаа. Том хүүхэд ч гэсэн ханиад хүрдэг шүү дээ. Гэтэл энэ жаахан амьтан нулимсаа барьж чадахгүй байх нь аргагүй. Харин ээж нь үнэхээр ууртай байгааг тэр хөөрхий хүүхэд ойлгосон байх.
Би тэр ээжид ямар ч юм хэлсэнгүй. Хүсээгүй үед нь бусдад тусална гэдэг цагийн гарз. Гэхдээ энэхүү нөхцөл байдлын тухай тунгаан бодсоор, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх явц нь “тэнцвэр хадгалах” гэсэн арга хэмжээ болохыг ухаарсан юм. 
Ажиглалт 1: Мэргэн эцэг эх нь хүүхдээс хүсэх зүйлээ, хүүхдийнхээ чадвартай тэнцвэржүүлдэг. Мэдээж өвчтэй хүүхэд уйлахаа болих чадамж нь эхийнх нь хүлээлттэй огтхон ч тэнцвэржих боломжгүй. Тэр хүүхэд уйлахаа зогсоох боломжгүй бөгөөд хүүхдийг хийж чадахгүй зүйлийнх нь төлөө шийтгэх нь буруу. Түүгээр барахгүй хүүхдийн өсөлт төлөвшилтөд сөрөг нөлөө үзүүлнэ. 
“Эгч чинь энэ бодлогыг бодож чаддаг байсан. Тэгтэл чи яагаад чадахгүй байна вэ?” Гэтэл хүүхэд бүр өөр. Том хүүхэд чинь зарим зүйлийг чаддаг байсан бол нөгөөдөх нь тэр насан дээр тэр зүйлийг заавал хийж чаддаг байх албагүй.
Ажиглалт 2: Мэргэн эцэг эх хайр болон сахилга батыг тэнцвэржүүлдэг. Та хайр үгүйгээр хүүхдийг сахилгажуулж болно. Гэвч сахилга бат үгүйгээр хүүхдийг үнэхээр хайрлах боломжгүй. Тэгвэл Библид сахилгажуулалтын жишээ байгаа юу? Тийм ээ, үнэхээр хүчтэй жишээ бий. Библид “хайр” гэдэг үгийг анх дурьдахдаа эцэг хүн хүүгээ хайрлах тухай Эхлэл 22:2 дээр өгүүлсэн байдаг. Хайр, сахилга бат хоёр хоёулаа чухал. Энэ хоёрыг тэнцвэржүүлэх нь бүр ч их чухал билээ.
Ажиглалт 3: Мэргэн эцэг эх хүүхдээ амьдралын хатуу хүтүүгээс хамгаалах ч, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг хэзээ амсуулах ёстойг мэддэг. Та хүүхдийнхээ өмнөөс гэрийн даалгаврыг нь хийж өгдөг үү? Эсвэл гэрийн даалгавар хийгээгүйгээс болж шийтгүүлэхийг нь зөвшөөрдөг үү? Та өсвөр насныхаа хүүхдийг хамгаалахын тулд өмнөөс нь худлаа ярьдаг уу? Эсвэл хүүхдээ согтуураад хэрэг тарихад нь шүүхэд хариуцлага хүлээхийг нь зөвшөөрдөг үү? Аливаа сонголт үр дагавартай, заримдаа бүр хатуу үр дагавар амсахад хүрдэг гэдгийг хүүхдэдээ ойлгуулах нь маш чухал. Тэгж ойлгуулаагүй эцэг эх хүүхдээ хамгийн уршигтай байдалд оруулдаг гэж би бат итгэж байна. 
Ажиглалт 4: Хүүхдээ амжилттайгаар өсгөн хүмүүжүүлэхдээ сул чөлөөтэй тавихыг, барьж хязгаарлахтай тэнцвэржүүлэх нь чухал. Хүүхэд хүмүүжүүлэхийн хоёр алдаа бол хэтэрхий хатуу, эсвэл хэтэрхий зөөлөн байх. Хүүхдийг хэт эрт сул тавьж, дэндүү их бие даалгавал асуудалд орооцолдох болно. Харин өсвөр насны хүүхдээ хэт удаан барьж хязгаарлах юм бол ууртай, тэрслүү хүүхэд болно. 
Ямар ч байсан нэг зүйлийг баттай хэлье. Эцэг эх та хэлж буй зүйлээсээ илүү, хийж буй зүйлээрээ хүүхдэдээ зааж сургах нь их. Хэрэв та өөрөө биеэ хянан захирч чадахгүй бол хүүхдүүд чинь бас биеэ хянаж сурахгүй. Та хүүхдээ хашхирч загнадаг бол тэр найз нөхдөө хашхирч загнах болно. Эцэст нь таны өөдөө ч бас хашхирна. Та ямар зүйл хийнэ, хүүхэд чинь түүнийг дуурайх болно. Гэвч таны ямар байсан, юу хийж байснаас нэг алхам илүү явна. Энэ нь анх дэлхий үүссэн цагаас, Адам Ева хоёроос эхлэн тогтсон зүй тогтол. Энэ зүй тогтол хэзээ ч өөрчлөгдөхгүй.


ХАЙР, САХИЛГА БАТ ХОЁР ХОЁУЛАА ЧУХАЛ