КАЛЕБ

 “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” . Еврей 11:6

Миний хувьд, үлгэр жишээг нь дагах юмсан гэж боддог олон хүн байдаг. Тэдгээр хүний дотроос, амьдралынхаа хамгийн шийдвэрлэх даалгаврыг 85 настайдаа хийж эхэлсэн нэгэн хүн жагсаалтын хамгийн нэгдүгээрт бичигдсэн. Үгүй дээ. Тэр хүн ууланд авирсан юм биш. Мөн онгоцноос шүхрээр үсрээ ч үгүй. Харин тэр байлдан дагуулалтыг удирдахаар дуудагдсан хүн байж. Түүний нэрийг Калеб гэдэг. 
Эрт дээр үеийн тэрхүү баатрын тухай та Библийн Иошуа номын 13,14-р эшлэлээс уншиж болно. Та энэ хүний нэрийг танихгүй, түүний тухай мэдэхгүй бол би танд товчхон сануулъя. Мосе Канаан газар руу нэвтрэн орохоосоо өмнө, нутгийг тандах зорилгоор 12 туршуулыг сонгон явуулжээ. Явсан 12 хүн буцаж ирээд, тэдний 10 нь “Хотууд нь тэнгэр тулсан хэрэмтэй, аварга том хүмүүстэй, хажууд нь бид царцаа мэт” гэж сөрөг зүйл тайлагнав. 
Тэгвэл энэ 10 хүн найдвар үгүй бүтэлгүйтлийг амлаж, тайлагнав. Гэтэл Калеб, Иошуа нар “Тийм ээ, бид ижилхэн зүйлсийг үзсэн ч Бурхан энэ нутгийг бидэнд өгөх нь лавтай” гэжээ. Бурхан Канаан газрыг Израильчуудад өгнө гэж айлдсаар байхад тэр амлалтыг нь басамжилсан 10 туршуулын сөрөг үзлийг Бурхан өөрөө жигшин зэвүүцжээ. Тэгээд шийтгэл болгож, өнөөх 10 хүнийг нас барах хүртэл Израиль үндэстэн Иордан голыг гатлахгүй, амласан нутагт орохгүй гэж айлдав. Зөвхөн Мосег залгамжилсан Иошуа, бас Калеб хоёр л амьд үлджээ. 
Тэр цагт 85 нас хүрсэн Калеб Хеброны уулархаг нутгийг эзэмших эрх ямбыг Иошуагаас гуйжээ. Урьд өмнө газар нутгийг тагнаж тайлагнахдаа, бусад туршуулын огт олж хараагүйг Калеб ажигласан нь хачирхалтай. Тэгээд “........ би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан” (Иошуа 14:8) гэж хэлжээ.  
Ямар агуу хүн бэ! Калеб эгэл итгэлийг тээгч хүн байхын зэрэгцээ бас алсын харааг тээгч байжээ! Түүнд байсан чанарын тухайд Теологич Элтон Трублад “Нотолгоогүйгээр үнэмших гэхээс илүүгээр хязгаарлагдах зүйлгүйгээр итгэж найд” гэсэн. 
Урам хугарал үргэлжид нөхцөл байдлыг хардаг бол харин итгэл найдвар Бурханы амлалтыг онцолдог. Бурханы мөн чанар, зан байдал тухайн амлалтыг биелүүлэх баталгаа болно гэдэгт баттай итгэдэг. Абрахам ч гэсэн Бурханаас хүүтэй болох амлалтыг авахдаа итгэлийн хандлагатай байжээ. Учир нь түүний насан дээр үнэндээ хүүхэд бодох нь ховор.
Харин Калеб 85 насандаа Канааны хамгийн эзлэхэд хэцүү нутгийг байлдан дагуулах ажиллагааг тэргүүлэхээр хүсэн гуйжээ. Үүнийг эр зориг гэж нэрлэхгүй бол өөр юу гэх вэ? Калеб хамгийн хүнд хэцүү ажлыг хийхээр хүссэн нь аварга биетнүүд үнэндээ дийлдэшгүй биш гэдгийг харуулахын тулд байв. Илүү нүсэр том байх тусам унаж сүйрэхдээ илүү хатуу газардана гэсэн утгаар хэлж. Мөн хүн өөрөө хир хүчтэй, эсвэл хэчнээн сул дорой байлаа ч Бурхан түүнийг сонгож, дайснуудаа ялан дийлэх хүчийг өгвөл аварга биет Голиат битгий хэл газар нуран унана гэдгийг Калеб харуулахыг зорьсон.  
Тэгвэл Бурханы амлалт бусдад үйлчилдэг, харин надад үгүй гэж бүү яараарай. Эхлээд та Калебын тухай унш. Тэгээд Калебт хүссэн зүйлийг нь өгсөн Бурхан танд амласан зүйлээ үл тоох болов уу? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. 
Итгэл хэзээд Бурханы амлалтыг баталгаатай буюу биелсэн гэж хардаг. Үүнийг санагтун. Бусад хүний барьж аваагүйг итгэл хардаг. Яагаад гэвэл итгэлтэй хүн нөхцөл байдлыг бус, харин Бурханыг хардаг. Таны юуг онцлохоос бүх зүйл шалтгаална.


УРАМ ХУГАРАЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРДАГ БОЛ ИТГЭЛ НАЙДВАР БУРХАНЫГ ХАРДАГ