САЙН МЭДЭЭГ ДАМЛАГЧИД

САЙН МЭДЭЭГ ДАМЛАГЧИД

“Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярь”. 2 Коринт 2:17

Би мөнгөө хэмнэх зорилгоор зургийн аппаратынхаа линзийг Гонг Конгоос авахаар шийдсэн удаа бий. Дэлгүүрт ороод худалдагчид “Надад Минолта Макссум аппаратын 28х70 фокустой линз хэрэгтэй байна” гэж хэлсэн. Худалдагч линз гаргаж ирэв. Би линзээ шинжиж эхэллээ. Яг тэгэхдээ линзийн хүрээ дагуу маш жижигхэн үсгээр үл мэдэгдэх бренд нэр бичсэн байхыг анзаарсан. Энэ линз Минолтагийн бүтээгдэхүүн биш харин Гонг Конгийн компанийн үйлдвэрлэсэн “хулгайн” линз байж. 
“Хар л даа” гээд уулга алдан “Би уг нь Минолта брендийн линз асуусан шүү дээ. Гэтэл энэ Минолтаны хайрцаг дотор Минолта биш линз байх юм” гэж  хэллээ. Тэгээд би тэр дэлгүүрээс уцаарлан гарлаа.
Хууран мэхлэлт, залилан огт шинэлэг зүйл биш. Эртний Ромчуудад ийм зүйлийн тухайд “caveat emptor” буюу “Худалдан авагч болгоомжлогтун” гэсэн утгатай хэллэг байдаг байсан. Эртний Грекчууд болон Ромчууд үүнтэй холбоотой капалеуо (kapaleuo) гэдэг үгтэй байжээ. Энэ үгээр хэрэглэгчдээ хуурдаг худалдаачдыг хэлдэг байв.  
Элч Паул ч гэсэн ийм зүйл байсныг сайн мэддэг байсан. Паулийн бизнес майхан үйлдвэрлэл. Гэвч майхнаа борлуулдаг зах зээл дээр хэт өндөр үнэ хэлдэг шулагчидтай, бас хямд бараагаар хүмүүсийг татчихаад үнэтэй, чанаргүй барааг худалддаг шударга бус дамчидтай байнга нүүр тулдаг байсан.  
Гэтэл Христитгэлт цөөнгүй хүн яг ийм зарчмаар үйл ажиллагаа явуулдаг болохыг ажиглаад Паул үүнд дургүйцэв. Итгэл нэгт ахан дүүсийг хэн нэгэн хулхитахыг хараад Паул жигшин зэвүүцжээ. Тэгээд Коринт хотынхонд бичсэн хоёр дахь захидалдаа яг тийм хууран мэхлэх үйлдлээс сэрэмжлүүлэг өгч “Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг” 2 Коринт 2:17 гэсэн. 
Бурханы Үгийг номлон заахаар шалтаглан явц дунд өөртөө хөрөнгө мөнгө хураадаг хүмүүс бидний дунд байсаар. Чак Свиндоллын “Таны үндэслэл юу вэ?” гэсэн асуултыг өнөөгийн биднээс Паул бас л асуух байжээ. Элч Паулд Ром хот юм уу Газрын Дундад тэнгис рүү цонх нь харсан тансаг харш байгаагүй. “Бурханд үйлчлэгч хамгийн сайныг авах зохистой” гэж хэлж хэт өндөр цалин хөлс, их хэмжээний нөхөн төлбөрийг ч Паул авч байсангүй. Харин түүний амьдралын хэв маяг өөрийнх нь үйлчилж, даган дуурайх Эзэний амьдралын хэв маягтай адил энгийн байж. 
Зарим хүн хэлэхдээ “Би Бурханд нэгэнт өргөл мөнгөө өгчихвөл, авсан хүн болон Бурханы хоорондох асуудал болж хувирна” гэдэг. Ямар утгагүй юм яриад байна вэ! Бурханы танд өгсөн зүйлийн захиран зарцуулагч та өөрөө. Мэдээж Библид таны өгсөн арваны нэг Эзэнийх гэсэн. Гэвч Христийн үйл хэргийн төлөө хаана хөрөнгө оруулалт хийх талаар мэргэн шийдвэр гаргахыг Бурхан танаас хүсэн хүлээдэг.
Үйлчлэл буюу Христитгэлт ажил хэрэгт манлайлагч хүний амьдралын хэв маяг хэт үрэлгэн, бас тухайн байгууллага танд санхүүгийн тайлан өгөхөөс зайлсхийдэг бол Паулын цаг үеийн кавеат эмптор гэсэн хэллэг ёсоор хэрэглэгч та болгоомжлогтун. 
 Жинхэнэ бүтээгдэхүүний дуураймлыг надад шахах гэж байсан Гонг Конгийн худалдаачныг санаж байна уу? Түүн шиг хоёрдмол шалтгаанаар үйлчлэгчид өнөө цагт Сайн Мэдээг үүргийн худалдаа болгох нь ашиг хонжоо ихтэй хэвээр. Харин цэвэр бус үндэслэлээр үйлчлэгчдэд тус дэм болж, өөгшүүлэх нь тэдний үйл ажиллагаанд хамтрахтай адил.


ТАНЫ ӨГСӨН АРВАНЫ НЭГ ЭЗЭНИЙХ. ХААНА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ ТАНЫ ШИЙДВЭР