ТА ӨӨРТ БАЙХГҮЙ ЗҮЙЛЭЭ ӨРГӨЖ ЧАДАХГҮЙ

ТА ӨӨРТ БАЙХГҮЙ ЗҮЙЛЭЭ ӨРГӨЖ ЧАДАХГҮЙ

“Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв” Матай 14:19

Нэгэн хүү ээжтэйгээ явж байтал салхинд туугдан мөнгөн дэвсгэрт хүүгийн хөлийн хажууд хийсэн иржээ. Хүү мөнгийг шүүрэн аваад “Хар даа, ээжээ, би юу олсныг... Би баян болсон” гэж бөөн дуу шуу болов. Ээж нь “Миний хүү, пасторын барилгын хөтөлбөрийг чи санаж байна уу. Чи мөнгөтэй болчих юм бол Бурханд өргөл өгнө гэсэн шүү дээ. Одоо чи өргөл өгөх боломжтой боллоо” гэжээ. Хүү “Тийм ээ, ээжээ, би санаж байна. Би өсөж том болоод, баян чинээлэг болохоороо Бурханд өргөл өгөх болно. Харин энэ миний мөнгө” гэж хариулж гэнэ. Энэ бол хүний төрөлх мөн чанар. 
Давид хааны амийг авахаар, араас нь Саул хаан элдэж байхад “Бетлехем дэх хуучин худгаас ус уувал ямар сайхан бэ” гэж Давид хаан хэлдэг. Хаандаа үнэнч залуусын гурав нь түүний хэлснийг сонсоод амиараа дэнчин тавин байж дайсныхаа тэргүүн шугамыг гатлан худагт хүрчээ. Тэгээд Давидад зориулан дашмагийг цэвэр цэнгэг усаар дүүргэн авчрав. Гэтэл Давид тэдний баатарлаг үйлд сэтгэл хөдлөн “Энэ усыг уухад дэндүү ариун” гэжээ. Тэгээд тэр усыг Эзэнд өргөл болгодог. Зөвхөн үнэ өртөг төлсөн зүйлс жинхэнэ үнэ цэнтэй.
Та байгаагаа, ядуу гэр бүлд өгөөд, өөрөө хоосон хонож үзсэн үү? Та хэн нэгнийг энэрэн хайрлаж, өөрөө зовсон хэр нь, бүгдээ өгч байсан уу? 
Би нэг удаа Манила хотын малчны хороололд очиж, тэнд сургаал хуваалцаж байлаа. Цуглааны төгсгөлд намайг хүлээн авсан айлын охин дөхөж ирснээ “Таны хийсэн зүйлд баярлалаа” гээд надад нэг юм өгөв. Филиппинчууд хүний өгсөн бэлгийг тэр дороо задалдаггүй уламжлалтай. Тэр заншлыг дагаад би цуглааны дараа бэлгийг нь задалж үзлээ. Тэнд нэг жижигхэн гарын саван, бас нэг боодол бэлэн хоол байв. Эхлээд би “Надаар даажигнаад байна уу даа?” гэж бодсон. Гэвч тэр охин найздаа өгөх гэж байсан бэлгээ надад өгснийг ухаарсан. Тэр хүмүүс бараг юу ч үгүй ядуу учраас түүний тэр бэлэг үнэхээр даацтай зүйл байжээ.
Хэрэв та Бурханд өргөл өргөх гэж байгаа бол “Тэр хэзээд танд байгаа зүйлийг хүснэ”-үү гэхээс, байхгүй зүйлийг авдаггүй. Эш үзүүлэгчийн бэлэвсэн эхнэрт ваартай жаахан тос үлдсэн байсан. Эмэгтэй тэр тосоо Эзэнд өргөсөнд Тэр тосыг нь хэд дахин нэмж олшруулсан. Давидын гарт зөвхөн дүүгүүр байж. Харин Бурхан түүнийг нь ашиглан үлэмж биетэй баатрыг сөнөөв. Мосе цөлд Бурханы өмнө зогсоход Бурхан түүнээс “Мосе, гарт чинь юу байна вэ?” гэж асуусан. Мосе гартаа таяг атгаад зогсож байлаа. Бурхан түүнд “Мосе, таягаа доош хая” гэжээ. Өөрөөр хэлбэл, таягаа Надад өг гэж хэлсэн. Мосе таягаа хаясанд Бурханы Сүнсний хүчээр таяг нь Бурханы агуу хүч чадлын бэлэг тэмдэг болжээ. Есүс нэгэн хүүгийн өдрийн хоолыг авч, үй түмэн хүнийг түүгээр хооллов.
Гэтэл бид мөнгө олсон хүү шиг хандах нь бий. Гэвч та байгаагаа Эзэнд даатган өргөвөл, хэний ч өмнө өргүй. Бурхан үүнийг чинь анхаардаг. Тэгээд өөрт байгаа зүйлээ Бурханаас ирсэн бэлэг мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүнийг Бурхан ерөөдөг. Тиймээс та “Эзэн би таных, нөөцөлж, хураасан бүхэн минь Таных. Би таных тул намайг захираарай” гэж хэлэх гэж хичээгээрэй. Тэгээд дараа нь юу болохыг хараарай. Санагтун, та өөрт байхгүй зүйлээ өргөж чадахгүй. Зөвхөн гарт байгаа зүйлээ өгч чадна.


ТА ӨӨРТ БАЙХГҮЙ ЗҮЙЛЭЭ ӨРГӨЖ ЧАДАХГҮЙ