ЭШ ҮЗҮҮЛЭГЧИЙН БЭЛЭВСЭН ЭХНЭР

ЭШ ҮЗҮҮЛЭГЧИЙН БЭЛЭВСЭН ЭХНЭР

 “Тэгэхэд нь Елиша “Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай” гэв”. 2 Хаад 4:3

 Нэгэн бэлэвсэн, ядуу зүдүү эмэгтэй байжээ. Нөхөр нь өнөө цагаар “Бүтэн цагийн Христитгэлт ажилтан” байж байгаад өөд болсон. Тухайн цагтаа эш үзүүлэгч буюу зөнч гэж нэрлэгддэг байлаа. Бурханаас үг авч ард түмэнтэй ярьдаг, голдуу Бурханы зорилго хүслээс төөрсөн хүмүүсийг ятгадаг хүн байж. Тэр эш үзүүлэгч хэрхэн нас барсан нь үл мэдэгдэнэ. Гэвч Елишаатай уулзах үед бэлэвсэрсэн эхнэрийнх нь сэтгэл зүрх айдсаар, бас шаналлаар дүүрсэн байж.
Эмэгтэй эхлээд ингэж ярьжээ. “Таны зарц болох миний нөхөр өөд болсон...” /Эмэгтэйн энэ үгэнд “Юу гээч, нөхөр минь Бурханд бүхий л амьдралаа зориулж үйлчилсэн. Гэтэл одоо бидэнд юу ч алга байна” гэсэн хатгасан өнгө аяс байсан/ Эмэгтэй үргэлжлүүлэн “... түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ” гэв. Тэгэхэд Елиша эмэгтэйгээс “Чиний төлөө би юу хийх вэ?” гэж асуулаа.
Гэвч эмэгтэй болгоомжилсон аястай “Надад жаахан тосноос өөр юу ч алга” гэдгээ хэлжээ. Үүнийг мэдээд Елишаа түүнийг “Хөршүүдээс нь бүхий л хоосон сав суулгыг нь зээлээд аваад ир” гээд явуулав.
Одоо өөрийгөө тэр хөөрхий, ядуу бэлэвсэн эмэгтэйн оронд  тавиад үзнэ үү. Тэр дотроо “Энэ Елиша ийм олон хоосон сав суулгаар яг юугаа хийх гээд байгаа юм бол?” гэж мэл гайхаж байсан байх. Гэлээ ч хөршүүдийнхээ хаалга бүрийг тогшин “Надад хэдэн хоосон сав суулга зээлдүүлэх боломжтой юү?” гэж асуусаар явав. Зарим хөршүүд нь магадгүй “Нөхөр чинь нэгэнт өөд болсон. Танд сав суулгаа өгчхөөд би эргүүлэн авч чадна гэж үү?” гэж хариулсан байх.
Эндээс сургамж авч болно. “Танд байхгүй зүйл Бурханд хэрэггүй. Тэр, танд байгаа зүйлийг танаас хүсэж байна”. Ихэнх хүмүүс, надад мөнгө байхгүй тул хандивлаж чадахгүй. Эсвэл хүмүүсийн өмнө зогсох зориг зүрх байхгүй гэж өөрийгөө боддог болохоор юу ч хийж чаддаггүй. Зүгээр л өөрт байгаа зүйлээ л хар. Бурхан танд байхгүй юмыг танаас хэзээ ч нэхээгүй. Таны хийж чадахгүйг танаар хийлгэх гэж асуугаагүй. Гэхдээ та байгаа зүйлээ хэрхэн ашиглаж байгаад, та хийж чадах юмаа хийж байгаа үгүйд чинь л Бурхан маш их санаа тавьдаг.
Ингээд эмэгтэй Елишагийн заавар ёсоор өөрт байсан ваартай тосыг, авчирсан савнууддаа юүлж эхлэв. Тос урсаж эхний савыг дүүргэлээ. Эхний дүүрсэн саваа цааш тавин өөрт байсан ваараа ажихад тосны хэмжээ багассангүй. Энд тайлбарлах аргагүй, ямар нэгэн ер бусын зүйл болжээ. Эмэгтэй савыг тосоор дүүргэх бүрдээ зүрх нь хүчтэй лугшина. Хоосон сав нэг ч үлдсэнгүй.
Энэ зүйлийг, Бурхантай хувьчилсан харьцаатай байж үзээгүй, гарцгүй болсон ч зүрх нь итгэлээр дүүрч байгаагүй, Бурхан намуухан дуугаар “Гарт чинь юу байна, түүнийгээ Надад өгөөч” гэж айлдахыг та хэзээ ч сонсож байгаагүй хүн намайг юу гэж тайлбарласан ч угаасаа надад итгэхгүй. 
Үнэндээ Бурхан зөвхөн таны Түүнд өгсөн зүйлийг дүүргэн ашигладаг. Та өөрийнхөө хоосорсон, эмтэрсэн амьдралаа буюу амьдралаас чинь үлдсэн хэлтэрхийнүүдийг Түүнд авчирч болно. Тэгээд Түүнд өөрийгөө нээж, амьдралаа Түүний хайр, хүч чадлаар дүүргүүлж болно.
Ингээд Елиша эмэгтэйд “Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно” гэжээ. Их сонин тооцоолол байгаа биз. Гэвч ийм л байдаг. Та үүнийг өөртөө нотлох бүрэн боломж бий.


ТАНД БАЙХГҮЙ ЗҮЙЛ БУРХАНД ХЭРЭГГҮЙ. ТЭР, ТАНД БАЙГАА ЗҮЙЛИЙГ ТАНААС ХҮСДЭГ