ЦАГ ХУГАЦААГ ӨӨРТ АШИГТАЙ ӨНГӨРӨӨХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

ЦАГ ХУГАЦААГ ӨӨРТ АШИГТАЙ ӨНГӨРӨӨХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

 “Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!” Дуулал 89:47 

“Ийм нэг зүйл хиймээр байна. Гэвч цаг хугацаа хүрэлцэхгүй байна” гэж хэн нэгэн хэлэхийг та хэр их сонсож байсан бэ? Одоо тэгвэл илүү хувьчлан асууя. “Надад хангалттай цаг хугацаа даанч алга” гэж та хэчнээн их хэлж байсан бэ? Хүн бүрд өдөрт 24 цаг, нэг долоо хоногт 168 цаг бий. Хэрэв та аливаа зүйлийг хийхдээ “Үүнийг хийх цаг зав алга” гэж хэлдэг бол “Энэ зүйл цаг зав гаргаад байхаар чухал зүйл биш” гэж үзэж буй хэрэг. 
Хамгийн их завгүй, бусдаас илүүг хийж гүйцэлдүүлдэг хүмүүс, завтай хүний цаг гаргаж чаддаггүй зүйлд, цагаа зориулсан байхыг би харж байсан. Яагаад цаг гаргаж чадсан юм бол? Тэд бусдаас илүү хурдан ажилладаг юм болов уу? Үгүй. Бусдаас илүү ухаалаг юм уу? Бас л үгүй. Тэд бусдаас илүү зохион байгуулалт сайтай юм уу? Мэдээж, тийм байж таараа. 
Одоо ярих зүйлс бол танд цаг хугацаагаа илүү ашигтайгаар өнгөрөөхөд чинь туслах энгийн зөвлөмжүүд билээ.
1-р зөвлөмж: Хаашаа ч явсан, юу ч хийсэн цагтаа эхэл. Зөв зүйлийг зөв цагт хийж чадахгүй шалтгаан нь удаашралаас болдог. Эцэг эхчүүд хүүхдэдээ, цаг хэд болж буйг зааж өгөхөөс гадна зөв зохистой цаг товлолыг сургаж ойлгуулах нь нэн сайн.  
2-р зөвлөмж: Хийх зүйлээ яг одоо хий. Тэртэй тэргүй хийж дуусгах ёстой ажлаа хойш тавиад байвал, дуртай дургүй хийдэг болно. Зохиолч Виллиам Фээдэр “Яг одоо эхэл. Зарим хүн “яг таг” нөхцөл бүрэлдэхийг хүлээсээр цаг алддаг, бүдчин явсан нь нэлээдгүй замыг аль хэдийнээ туулсан байдаг” гэж хэлжээ. 
3-р зөвлөмж: Хэзээ “Үгүй”, хэзээ “Тийм” гэж хэлэх цагаа мэдэж ав. Цагаа мэргэнээр төлөвлөх нь мөнгө санхүүгээ ухаалаг төсөвлөхтэй адил ач холбогдолтой. Тиймээс “Би ямар зүйлд юуны түрүүнд цаг зарцуулахаар шийдсэн бэ. Би нэгд тавих зүйлээ нэгд тавьж чадаж байна уу. Хамгийн чухал зүйлдээ цаг гаргахын тулд, цагаас минь хумслах гэсэн бусад зүйлд “Үгүй” гэж би хэлж чадаж байна уу?” гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай.
4-р зөвлөмж: Завсарлагаа авч сур. Шүүмжлэгч Жон Раскин “Хөгжим завсарлахад аялгуу үл эгшиглэнэ. Гэвч завсарлагаан дунд хөгжим бичих цаг гардаг” хэмээжээ. Тогтсон цагийн хуваариа хааяа нэг эвдэж, тухайн цагт өөрийгөө сэргээх зүйлсийг хийж байгаарай. 
Цаг бол тогтмол орлоготой адил. Баян ч бай, ядуу ч бай, гоц ухаантай хүмүүст ч, эгэл хүмүүст ч, бүгдэд, яг адилхан цаг хугацаа оногдсон. Үнэндээ ямар нэг юмыг хийх дээрээ тулбал цаг хугацаа бидэнд бонусаар ирдэггүй. Харин тухайн хором бүрээр бидэнд өгөгддөг. Минут бүхэнд юу хийж байгаагаас чинь таны амьдрал бүрэлддэг гэсэн үг. 
5-р зөвлөмж: Маргаашийг хэзээ ч бүү тааварла. Таны амьдралын хамгийн чухал хэсэг хэзээ вэ? Яг одоо, яг энэ өдөр. Яагаад гэвэл яг энэ мөчийг та баттай хэлж чадна. Өнөөдөр бол таны амьдралын хамгийн чухал өдөр. Энэ тухай бодоорой. Тэгээд өнөөдрийг өөртөө ашигтайгаар хэрэглэ. Амьдралд чинь зориулсан Бурханы зорилгыг гүйцэлдүүлээрэй. Энэ бол өнөөдөр танд өгсөн Бурханы бэлэг билээ.


ЦАГАА МЭРГЭНЭЭР ТӨЛӨВЛӨХ НЬ МӨНГӨ САНХҮҮГЭЭ УХААЛАГ ТӨСӨВЛӨХТЭЙ АДИЛ