ЦАГ ХУГАЦААГ ЗӨВ ЗОХИСТОЙ ӨНГӨРӨӨХ

ЦАГ ХУГАЦААГ ЗӨВ ЗОХИСТОЙ ӨНГӨРӨӨХ

“Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.” Ефес 5:15-16

Ричард Ле Галиенн “Цаг хугацааны морьд толгодын бэл рүү давхин байна” гэж хэлсэн үгээрээ олноо танигдсан хүн. Түүний хэлсэн үг бол “Цаг хугацаа нисэж байна” гэснийг арай өнгөлгөөр илэрхийлсэн хэрэг.
Та цаг хугацааны тухай хэсэг эргэцүүлбэл ямар нэг нууцлаг зүйлийг амсаж мэдрэх болно. Цаг хугацаа чухам хаанаас үүссэн бэ? Цаг хугацаа хаа хүртэл үргэлжилдэг вэ? Цаг хугацаагаар хуваасан зүйлийг хэмждэг гэдгийг бид мэднэ. Гэвч юунаас юу хүртэл хэмждэг юм бол? Та амьдралаа эргэн харвал цаг хугацаа өнгөрсөн жилийнхээс илүү хурдан өнгөрөх болсныг та хүлээн зөвшөөрөх нь лавтай.
Та хүүхэд байхдаа хэчнээн их тэсэн ядан хүлээвч зуны амралт болдоггүй байжээ. Гэтэл одоо насанд хүрээд, эцэг эх болсон хойно бодоод байх нь ээ зуны амралт хэчнээн хурдан болоод өнгөрөхийг гайхан хоцордог. Яг л хүүхэд ахуйд хичээлийн завсарлагаа ямар түргэн өнгөрдөг шиг л санагдана. Амьдрал үргэлжлэх тусам цаг хугацаа хурдаа улам нэмж буй мэт. Цаг хугацааны морьд толгодын бэл рүү давхиж байгаа нь үнэн байна.
Гэтэл таны амьдралд хэчнээн цаг байсныг хэмжихээс илүүтэй та өөрт байсан цагаа хэрхэн зарцуулсан нь илүү ач холбогдолтой. Эртний Грекчүүд цаг хугацааг илэрхийлэх хоёр үгтэй байжээ. Нэг үг нь хромос Энэ бол хронометр багаж гэдэг үгийн язгуурт ордог үг. Нөгөө үг нь кайрос. Үүний утга бол зорилготой цаг хугацаа юм. Таны амьдрал энэ хоёрын аль нэг нь байна. Нэг бол зорилгогүй амьдрал, эсвэл хэмжээстэй, бодит байдалтай амьдрал байна. Таны амьдрал аль нь вэ? Илгээлтийн эздийн тэргүүнд ордог Роберт Моффат гэдэг хүн “Бидэнд ялалтуудаа тэмдэглэн цэнгэх мөнх хугацаа гэж бий. Гэвч нар жаргахаас өмнө тэдгээр ялалтыг байгуулах маш богино хугацаа бидэнд өгөгдсөн” гэж бичсэн гэдэг.  
Хүн бүхэнд цаанаас тогтоосон амьдралын хугацаа байдаг. Хэн ч өөрт нь хэдий хугацаа өгөгдсөн болохыг мэдэхгүй. Тийм ч учраас та цаг мөч бүхнээ хамгийн сайнаар өнгөрүүлсэн нь илүү дээр. Олон жилийн өмнө элч Паул Ефес хотынхонд захидал бичсэн байдаг. Тэдэнд хандан “Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл” гэж захиж бичсэн. Амьдрал богино тул цаг мөч бүхнийг ашиг тустай өнгөрүүлэхийг тэдэнд уриалжээ.
Танд магадгүй жүжигчин Жон Керролын адил мэдрэмж төрж байсан байх. Тэр хүн жүжигчнээс эхлээд дэлхийг тойрон аялах хүртэлх бараг бүхий л зүйлийг хийж үзсэн. Тэгтэл саяхан Керрол нэгэн сэтгүүлчид ярилцлага өгсөн нь хамгийн их санаа зовж буй зүйл нь цаг хугацаа. “Цаг хугацаа алхдаггүй. Цаг хугацаа нисдэг” гэж тэр хэлжээ. Энэ үгээ тайлбарлахдаа “Өнгөрсөн жилүүдэд би зарим нэг төсөлд хамрагдаж байхдаа амьдрал ямар хурдан болохыг ажаад эхлээд их цочирдож байлаа. Ухаарч амжаагүй байхад гурван жил өнгөрсөн байх жишээтэй” гэжээ. Харин таны амьдралд хэчнээн жил өнгөрсөн байна вэ?
Библи бидэнд амьдралын тухай заавар удирдамж өгдөг ном билээ. Библид хэлэхдээ цаг хугацааг мөнх хугацааны нэг хэсэг гэсэн. Хэрэв танд яг 24 цаг амьдрах хугацаа үлдсэн бол та юу хийх байсан бэ? Асуудлаа цэгцлэх үү, гэр бүлтэйгээ хамт байх уу. Эсвэл  Бурханы өмнө сэтгэлээ уудалж,  Түүний оршихуйд ороход бэлэн эсэхээ та баталгаажуулах байсан уу? Хэрэв “Бурханы өмнө ирэх байсан” гэж хариулж байгаа бол энэ бүхнийг үйлдэх цаг бол яг ӨНӨӨДӨР.
Хэрэв та өдөр бүхнийг яг сүүлчийн өдөр шигээ өнгөрүүлэх юм бол магадгүй та бүрэн дүүрэн, гүйцэд амьдралыг өнгөрүүлэх байх. Аливааг хойш тавих зуршил бол танаас зөвхөн цаг хугацааг тань хулгайлаад зогсохгүй. Түүнчлэн хүмүүний сэтгэл сүнсийг хулгайлах зуршил болно. Удаан хугацааны туршид хийх гэж байсан зүйлээ биелүүлэх цаг хугацаа бол яг одоо билээ.


ЦАГ ХУГАЦАА АЛХДАГГҮЙ. ЦАГ ХУГАЦАА НИСДЭГ