ЦАГ ХУГАЦАА

ЦАГ ХУГАЦАА

 “Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ” Номлогчийн үгс 3:11

Өөр ямар ч цаг үеийн хүмүүс бидэн шиг ингэж олзлогдож байгаагүй байх. Биднийг олзолсон тэр зүйлийг “цаг хугацаа” гэнэ. Таны цагийн хуваарь болон таны амьдрал бүхэлдээ цаг хугацааны няцашгүй хүч нөлөөнд автсан. Гэтэл энэ яг юу болохыг цөөхөн хэдэн хүн л ойлгодог. Нобелийн шагналыг хүртэж байсан физикч Ричард Фейнмэн “Цаг хугацаа гэж юү вэ?” гэсэн асуултыг тавьж байжээ. Тэрээр энэ зүйлийг өөрөө ч тодорхой мэдэхгүй байв. Үүнийгээ илэрхийлж “Физикчид бид өдөр бүхэн цаг хугацаатай ажилладаг. Тэгсэн хэдий ч та надаас цаг хугацаа гэж юу болохыг бүү асуугаарай. Энэ бол бодож тунгаахад үнэхээр хэцүү зүйл” гэсэн.
Жон Боуслоу энэ тухай ингэж бичжээ. “Өнөө цагт зургаан хүнээс цаг хугацааг тайлбарлахыг гуйвал, яг л зургаан сохор хүн зааныг дүрслэхтэй адил, танд зургаан өөр хариултыг өгнө. Физикч хүн цаг хугацааг дүрслэхдээ ертөнцийг барьж босгох хоёр үндсэн тулгуурын нэг гэх байх. Нөгөө тулгуур нь орон зай билээ. Цагчин хүний хувьд цаг хугацаа бол түүний гарын бүтээл чаг чаг хийх дуу чимээ болно. Уран зөгнөлд дурлаж шүтдэг хүн үүнийг дөрөв дэх хэмжээс гэх болов уу. Биологич хүн цаг хугацааг ургамал амьтдын байгальтай уялддаг дотоод цагаар дүрсэлнэ. Харин банкир хүний хувьд энэ бол мөнгө...”
Ойролцоогоор 300 жилийн өмнө буюу 1687 онд эрхэм Исаак Ньютон цаг хугацааг туйлын зүйл гэж хэлжээ. Ньютон цаг хугацааг “Аливаа гаднах хүчин зүйлээс хамаарахгүйгээр жигд урсаж байдаг” гэв. Тэгтэл 1905 онд Алберт Эйнштейн цаг хугацааны тухай уламжлалт үзэл санааг няцаах үгийг хэлжээ. Эйнштейн цаг хугацааг дүрслэхдээ “Ажиглагч хүний үйл хөдлөлөөс нөлөө авч үргэлжилдэг” гэж тунхаглав. Ингээд түүний ухагдахуунаас орон зайн шинэхэн хэмжээс бий болсон. Зарим эрдэмтэд бидний мэдэх цаг хугацаа өөр бусад гариг дээр оршин байгаа үгүйд хүртэл эргэлзээтэй байна. Их сонирхолтой бодол байгаа биз? Гэхдээ дэлхий дээрх мөнх бус хүмүүн бидний хувьд, цаг хугацаа бол амьдралын мөн чанар болохыг мэднэ. 
Шинжлэх ухааны салбарынхан цаг хугацаатай ингэж их ноцолддог болохын нэг шалтгааныг дурдмаар байна. Цаг хугацаа бол бүтээлтэй шууд холбоотой. Харин бүтээл нь Бурханы үйлстэй холбогдоно. Библид цаг хугацааг бүтээлийн үед эхэлсэн гэдэг. Тэгэхэд орой өглөө болж эхний өдөр бий болов. Бас цаг хугацааг мөнх хугацаа ирэх хүртэл үргэлжлээд, мөнх хугацаанд цаг хугацаа гэж үгүй болно гэдэг. Библид цаг хугацааг мөнх хугацааны хоёр туйлын хооронд намуухан урсах интервал гэж дүрсэлжээ. Гэтэл үүний голд бид өөрсдөө яарч, санаа зовцгоож, урагшлах гэж, цагаа баримтлах гэж тэмцэлдэж байх юм. Цаг хугацааг хэрэв мөнх хугацаанаас салгавал түүний үргэлжилсэн ач холбогдол үгүй болно. Харин энд бид Бурхантай учирна. Бурхан гагцхүү цаг хугацааг утга учиртай болгодог билээ.
Ариун Бичээсийн нэг хэсгийг бичсэн хүн цаг хугацааны утга учрын талаар эргэцүүлэн “Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг, тариалах хийгээд тарьснаа хураах цаг, алах хийгээд анагаах цаг, нураах хийгээд босгох цаг, уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг, чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг, эрж олох хийгээд алдаж асгах цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд оёх цаг, дуугүй байх хийгээд ярих цаг, хайрлах хийгээд үзэн ядах цаг, дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ” (Номлогчийн үгс 3:1-8) гэж бичсэн. 


БУРХАН ГАГЦХҮҮ ЦАГ ХУГАЦААГ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ