ЗӨВ БАЙХ НЬ ДЭЭР ҮҮ, ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ДЭЭР ҮҮ?

ЗӨВ БАЙХ НЬ ДЭЭР ҮҮ, ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ДЭЭР ҮҮ?

 “Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм” Матай 5:11-12

Еврей зохиолч И. Л. Перецийн өгүүлсэн нэг түүх бий. Хатуу бэрхийг туулж, ядуу зүдүү замналаар амьдарсан Бонше гэдэг хүн нас эцэслэн диваажинд очиж гэнэ. Тэнгэр элч түүнээс “Чин хүсэл чинь юү вэ?” гэж асуужээ. Өнөөх хүн “Өглөө болгон шинэхэн цөцгийн тостой халуун талх идмээр байна” гэж хариулав. Үнэ цэнтэй унаа тэрэг, орд харш, найрал дууны тэргүүн эгнээнд зогсохын аль нь ч түүнд бодогдсонгүй. Дэлхий дээр байхдаа ихэд хүссэн ч олж хүртэж чадаагүй зүйлээ тэр хүн диваажинд хүслээ болгосон. Ийм л юманд сэтгэл хангалуун байсан гэсэн үг.
Харин таны хувьд үнэхээр сэтгэл хангалуун байхад тань юу хэрэгтэй вэ? “Хэрэв надад ийм л зүйл байсан бол”...  Мэдээж, өдөрт гурав хооллож, боломжийн байр оромжтой, өмсөх хувцастай, найз нөхөд гэр бүлийнхээ хүмүүсээр хүрээлүүлэх нь чухал гэдгийг эрүүл саруул ухаантай хэн ч үгүйсгэхгүй. Гэвч бид аз жаргалтай байхын угтвар нөхцөл бол баян чинээлэг амьдрал гэж хэтэрхий их шунаад байх шиг.
Нэг зүйлийг би баттай хэлье: Хэрхэн аз жаргалтай, яаж сэтгэл ханамжтай байх, мөрөөдөлдөө хүрэх гэсэн сэдвээр өнөө цагт их ярьж байна. Ирэх арван жилийн хугацаанд улам их ном бичигдэж, нийтлэл гарах болно. Гэтэл сөрөг мэдрэмж төрүүлэх болсон учир шалтгааныг нь авч үзэхээ больжээ. Харин сайхан мэдрэмжийн тухай хэн хүнгүй онцлох болж. Асуудлыг шийдвэрлэх тухай март, сайхан мэдрэмжийг илүү анхаар гэх болсон байна. Гэтэл бидэнд нүүрлэх бодит асуудал бол “Хүн таны мэдрэмж түр хугацааны сэтгэл хөөрөл төдий байхад зөвхөн сайхан мэдрэмжийг онцлох нь зөв үү? Биед чинь архаг өвчин байгааг эмчлэх шаардлагатайг мэдсээр байж өвчин намдаах эмээр толгойн өвчнөө түр намдаадаг шиг амьдраад байж болох уу?”
Мэдээж би гашуун цуу уухыг уриалж, эерэг сайхан мэдрэмжийг үгүйсгэх хүн биш. Тэртэй тэргүй сэтгэл санаа таагүй байх цаг үе олон. Сайхан мэдрэмжүүд огт хэрэггүй гэж хэлээгүй. Гэвч үнэн бодит байдлыг үнэлээгүй байж зөвхөн “сайхан мэдрэмжид” анхаарах тухай энд ярьж байна. Амьдралын тухай зааж сургах эртний сурах бичиг болох Библид бичигдсэн зүйлс “сайхан мэдрэмж” гэсэн хандлагатай нийцэхгүй. Нөхөртөө хаягдсан эмэгтэй, эсвэл санхүүгийн дампууралд орсон хүн. Хөлслөн сууж байсан байрнаасаа албадан гарах болсон нэгэн. Энэ бүхэн хэрхэн “сайхан мэдрэмжээ” эргэн олж авах алхмууд Библид бичигдээгүй нь хачирхалтай санагдаж магадгүй.
Библид хүмүүний уналтыг гэм нүгэл гэж нэрлэжээ. Гэм нүглийг анагаах эм бол Бурханы уучлал гэсэн байна. Хүн Бурхантай эвлэрсэн гэдгээ мэдэх үед сэтгэлд нь бий болох амар тайвны тухай Библид үй олон дүрслэлээр өгүүлжээ. Тийм амар тайвныг авсан хүний сэтгэл нь сайн сайхан мэдрэмжээр дүүрдэг. Гэхдээ энд аз жаргалыг хэт онцлохоос ондоо зүйлийг ярьж байна. Өрөө хүйтэн байсаар байхад дулаан хэмжигч рүү халуун агаар үлээлгэчхээд “Одоо ингээд дулаахан сайхан боллоо” гэж өөртөө итгүүлэхтэй адил аз жаргалд анхаарал хандуулахаас ондоо шүү.
Харин Бурханы Үгэнд “Зөв байх нь сайн сайхан мэдрэмжээс илүү чухал” гэдгийг онцолсон. Бурханы сурах бичгийг Бурханы сэтгэлзүйн ном гэж нэрлэхэд ч хүртэл багадна. Энэхүү Бурханы сурах бичигт аз жаргалыг тодорхойлохдоо Бурхантай, бас нөхөр эхнэртэйгээ, хөршүүдтэйгээ, мөн дэлхий ертөнцтэй зөв харилцаатай байхын үр дүн гэжээ.


ТА ЗӨВ БАЙВАЛ ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХИЙХ БОЛНО. ХАРИН ТА ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ҮР ДҮНД НЬ АЗ ЖАРГАЛТАЙ ЗОЛГОНО.