АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙ СЭРЭМЖЛЭГТҮН

АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙ СЭРЭМЖЛЭГТҮН

“Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн” Колоссай 2:8

     Цирк байгуулж, ихээхэн хөрөнгө мөнгөтэй болсон Ф. Т. Барнум гэгч хүн XIX зуунд амьдарч байжээ. Хүмүүн төрөлхтөн мэхлүүлэх дуртай гэсэн таамаглалд түшиглэн Барнум ажил амьдралдаа ийм их ахиц дэвшлийг бий болгож чадсан. Харин шашин шүтлэг, итгэл үнэмшлийн хувьд энэ зарчим үйлчилдэг юм болов уу. Хүмүүс сүсэг бишрэлтэй холбоотойгоор мэхлүүлэх хүсэл сонирхол байдаг болов уу? 
Есүс нэлээд олон удаа “Анхаарал болгоомжтой байгтун”, “Сэрэмжлэгтүн” гэж айлдсаныг би бодож үзлээ. Сургаалыг нь сонсохоор Галил нуурын эрэгт цугларсан үй түмэн хүмүүст Есүс айлдахдаа “Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм” Mатай 7:15 гэсэн байдаг. 
Бас нэг удаа “Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн” Марк 12:38 гэж айлджээ. Дор хаяж гурван удаа Есүс шавь нараа “Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил” гэж ятгаж байв. Хүмүүс юу гэж зааж сургахаас болгоомжлохыг анхааруулсан. Мөн Өөрөө дэлхийд хэзээ эргэж ирэх яг таг цаг хугацааны талаар, олон хүн төөрөлдөх вий гэдгээс сэрэмжлүүлж байсан. 
Жишээгээр тайлбарлая. Би Библийн хичээл зааж байхдаа хүмүүст утас тараан өгч “Энэ утаснаас яг 30.48 сантиметр буюу нэг инч урттай хэрчим тайрч аваарай” гэж даалгасан. Тэд зөвхөн өөрийнхөө баримжаагаар утсыг тайрах ёстой. Даалгаврыг яаж гүйцэтгэснийг хараад үнэхээр инээд хүрч байлаа. Хүмүүсийн тайрсан утсыг хэмжиж үзэхэд янз бүрийн хэрчим байсан. Зүгээр л хүн бүр 30.48 сантиметр буюу нэг инч яг ийм л хэмжээтэй байх болов уу гэж бодитоор тооцоолсон нь тэр. 
Хүмүүн бидэнд аливаа үйл хөдлөлийг, хүмүүсийг, нөхцөл байдлыг үнэлэн дүгнэхэд ашиглах ямар нэг жишиг хэрэгтэй гэдгийг Бурхан мэдэж байсан. Тийм учраас бидний итгэлийг чиглүүлэх, амьдрал практикт тустай, найдвартай удирдамжийг бидэнд өгчээ. Энэ бол 66 номоос бүрдсэн Библи судар. “... Таны үг үнэн мөн” Иохан 17:17 гэж айлдсан. Товч бөгөөд тодорхой хэлжээ.
Хэрэв та Есүсийн тушаасан ёсоор “болгоомжтой” байгаа бол, Паулын нэмж хэлснээр анхаарал сэрэмжтэй байдаг бол. Та хүн бүхнийг, бас сонссон болгоноо шууд л хүлээн авахгүй байх нь ойлгомжтой. Мэдээж заримдаа хүмүүс таныг “Чи бусдыг шүүж байна” гэх байх. Тэгвэл тэдэнд хариулж “Үгүй, шүүж байгаа юм биш. Ялгаж салгаж байна.., Зүгээр л Библийн үгэнд нүдээ нээлттэй байлгаж байна.., Бурхан Үгэндээ юу гэж айлдсантай энэ нөхцөл байдал нийцэхгүй болохыг олж харсан болохоор ингэж байна” гэж хэлж болно.  
Таныг үнэн зөвөөс холдуулж болзошгүй буруу үйл юм уу буруу бодлоос “болгоомжлох”-ыг Есүс айлдсан гэдгийг би өнөөдөр дурдаад өнгөрсөн төдий. Гэтэл Шинэ Гэрээнд элч Паул энэ тухай илүү тодорхой өгүүлжээ. Тэр бидэнд хагарал хуваагдлаас болгоомжлох тухай бичсэн. Мэдээгүй байхад бидний дунд гэтэн орох өстөн дайснаас болгоомжлохыг заасан. Урьд өмнө хүлээн авсан зүйлээ сахин хамгаалахыг бидэнд тушаасан. Тэр бүхнийг биднээс хулгайлан авах вий, бид гар хоосон үлдэх вий гэсэндээ сэрэмжлүүлэг өгсөн. 


ЖИНХЭНЭ ҮНЭНИЙГ БАРИМТАЛЖ БАЙГААДАА АНХААР