НИГҮҮЛСЭЛ БОЛОН ҮНЭН

НИГҮҮЛСЭЛ БОЛОН ҮНЭН

“Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ” Иохан 1:17  

Виллиам Маккий коллежид сурахаар гэрээсээ явахад ээж нь түүнд “В. П-д /Виллиам өөрийгөө тэгж дуудуулах дуртай байжээ/ ээжээс нь дурсгав” гэж бичээд он сар тэмдэглэн Библи бэлэглэжээ. Гэтэл Виллиам ээжийнхээ өгсөн энэ номыг огтхон ч сонирхсонгүй. 
Амьдралынхаа ихэнх хугацааг коллежийн насны залуустай ажиллаж өнгөрөөсөн Хэнриэтта Мийрс гэгч бурханлаг эмэгтэй “Хэн нэгэн хүн сургуульд сурахаар гэрээсээ явахдаа итгэлээ алддаг юм биш. Харин тэр хүн итгэл авч яваагүйгээс болж итгэлгүй хоцордог” гэж хэлж билээ. Магадгүй В. П. Маккий ч бас тийм хүмүүсийн нэг байсан байх.
 Түүгээр ч зогсохгүй В. П. Маккий Канадын атеист үзэлтнүүдийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч болсон түүхтэй. Хожим залуу насныхаа он жилийг дурсахдаа Виллиам харуусдаг. Тухайн үед “дэндүү нүгэлтэй” гэх зүйл өөрт нь байгаагүй гэж дурсдаг. Эцэст нь Виллиам эмч болжээ. 
Нэг өдөр Виллиамыг түргэн тусламжийн тасагт жижүүр хийж байхад нь өндрөөс унаад үй олон яс нь хугарч, мах нь бяцарсан хэр нь ухаан алдаагүй залуу ирэв. Өвчтөн эмчээс, амьд гарах боломж байгаа үгүйг асуухад “Залуу минь, чамд хоёрхон цаг үлдсэн” гэжээ. Гэтэл залуу намуухан дуугаар “Зүгээр дээ эмчээ. Би бэлэн байна” гээд инээмсэглэв. Маккий эмч хэдийгээр үхэж буй олон хүнийг харж байсан ч залууг ийм урамтай байгаад сэтгэл нь ихэд хөдөлж гэнэ. 
Тэгээд  эмч “Залуу минь, би чамд ямар нэг зүйлээр тусалж болохсон болов уу?” гэж асуужээ.  “Тийм ээ. Та надад нэг тус хүргээч. Өмдний минь халаасанд миний цалин бий. Би хөлсөлж буй байрныхаа эзэгтэйд хоёр долоо хоногийн түрээс төлөөгүй юм. Тэр мөнгийг та түүнд хүргүүлнэ үү. Тэгэхдээ түүнээс ном аваад ирж болох уу?” гэв. Эмч залуугаас “Ямар ном?” гэхэд залуу “Тэр өөрөө мэднэ”...
Маккий эмч эмнэлгээс зарлага явуулаад өөрөө өвчтөнүүддээ үзлэг хийгээд үлдэв. Гэвч тэр өдөр өнөөх залуу бодлоос нь огт гарсангүй. Тэгээд ажлын өдрийн эцэст эмч хүлээн авах руу эргэн очоод, өнөөх залуу яасан тухай лавлав. Урьд өмнө тэр хэзээ ч ингэж эргэн очиж лавлаж байгаагүй гэдэг. 
Сувилагч түүнийг дөнгөж сая нас барсныг мэдэгдэв. “Зарлага түүнд ном авчирч өгсөн үү?” гэж асуухад сувилагч “Тэгсэн. Тэр ном, дэрэн доор нь бий” гэжээ. Маккий эмч залуугийн өрөөнд орж, дэрэн доороос нь ном гаргав. Тэр ном ихэд хуучирчээ. Маккий эмч тэр Библийг аажуухан нээгээд хартал урд талын хавтасны дотор талд “В. П-д ээжээс нь дурсгав” гэсэн бичиг бүхий ээжийнх нь гарын үсэгтэй нөгөө хуучин Библи байв. Маккий залуу байхдаа тэр Библийг ломбарданд тавиад орхисон. Гэтэл тэр Библи өөрт нь эргэн ирэв. 
Маккий эмч Библээ аваад эмчийн өрөөндөө очиж хаалгаа түгжээд, өвдөг сөхрөн Бурханы энэрэл өршөөлийг гуйжээ. Хожим Маккий эмч Христитгэлийг өмгөөлдөг зохиолч болж “Нигүүлсэл болон үнэн “гэдэг ном бичсэн юм. Тэр ном нь одоо хэр нь шилдэг зохиолын тоонд багтсаар байна. 
Олон жилийн өмнө хаяж үрэгдүүлсэн тэр ном энэ хүний амьдралыг ийнхүү өөрчилжээ. Хэдийгээр энэ хүн Бурханаас нүүрээ бууруулсан ч Бурхан түүнийг хэзээ ч орхин хаяагүйн тод жишээ энэ. Тэр ном таны амьдралыг ч бас өөрчлөх чадалтай. Яг юуны тухай өгүүлсэн ном болохыг та өөрөө олж уншина уу. 


ТЭНГЭР ДИВААЖИНГИЙН ХААЛГАНЫ ТҮЛХҮҮР ТЭНД ОДОО Ч БИЙ