ХИЙХ УЧИРТАЙ ЗҮЙЛЭЭ ДАРУЙ ХИЙГТҮН

ХИЙХ УЧИРТАЙ ЗҮЙЛЭЭ ДАРУЙ ХИЙГТҮН

“Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой” Иаков 4:17

Нью Йорк хотын Хөрөнгийн биржийн ерөнхийлөгчийн байсан Жи. Кийф Фанстон “Ямар нэг зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд та заавал агуу мөрөөдөлтэй байж, агуу үйлсийг хийх шаардлагагүй. Зүгээр өдөр бүр хийх ёстой гэсэн зүйлсээ хий” гэж хэлсэн байдаг. Өөрөө үүнийгээ хэрэгжүүлдгийн улмаас Фанстон маш их амжилттай бизнес эрхлэгч болж чаджээ. Энэ үг Библийн нэг үгийг цуурайтуулах мэт байна. “Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой” Иаков 4:17
“Надад хийх зүйл маш их байна. Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй байна” гэж хэн нэгэн хэлж байхыг та хэр их сонссон бэ? Гол нь юу хийхээ мэддэггүйдээ биш, харин өөрийгөө дайчлаад, үйлдлээ хийхэд өөрийгөө сэдэлжүүлж чаддаггүйд гол асуудал оршдог.
Ажлын өндөр бүтээмжийн мэргэжилтэн Айви Лий гэдэг залуу “Бэтлехем” гэх ган төмөр компанийн ерөнхийлөгчид “Та манай үйлчилгээг авбал компаниа яаж илүү сайн зохион байгуулахаа мэдэх болно” гэж гэнэ. Ерөнхийлөгч ууртайгаар “Бидэнд илүү ихийг мэдэх шаардлага байхгүй. Харин илүү ихийг хийх хэрэгтэй байна” гэж хариулжээ. Тэгэхэд нь Лий түүнд “Би танд 20 минутын дотор нэг зүйл тайлбарлахыг зөвшөөрнө үү. Тэгвэл таны “үйл” буюу “хийх зүйл”’ чинь 15% нэмэгдэнэ” гэжээ. 
Ингээд түүнд хоосон цаас өгөөд “Нэгдүгээрт, та энд зайлшгүй хийх зургаан ажлаа жагсаагаарай. Дараа нь ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлээрэй. Тэгээд энэ цаасаа халаасалж маргааш нэгдүгээрт юу хийхээр эрэмбэлсэн түүнийгээ л хийж эхэл. Тэгэхдээ та бүх ажлаа хийж дуустал 15 минут тутамд цаасаа гаргаж хараарай” гэсэн даалгавар өгчээ. “Бэтлехем” ган төмөр компанийн ерөнхийлөгч зөвлөгөөг нэг бүрчлэн хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнгээ үнэхээр өгчээ. 
Дараагийн таван жилд “Бэтлехем” компани нь дэлхий дээрх хамгийн том бие даасан ган төмөр боловсруулдаг үйлдвэрлэгч болж өргөжсөн. Айви Лий ч гэсэн санаачилгынхаа  төлөө 25 мянган долларын шан харамж авчээ. Яагаад гэвэл “Тухайн өдөр хийх учиртай зүйлээ хийх төлөвлөгөө” түүнд байсан.
нөөдөр хийх зүйлээ хийх нь, 25 мянган доллароос ч илүү өртөгтэй зүйл байж болох. Хэн нэгний бие тун ихээр өвдсөн гэж бодъё. Гэтэл “Би өнөөдөр эмчид үзүүлэх ёстойгоо мэднэ л дээ. Гэвч надад зав алга. Тэгж байгаад л эмнэлэг явна даа” гэвэл үнэхээр ухаан муутай хүн гэж хэлэх байлгүй. Хэрэв өнөөдөр хийх учиртай зүйлээ хийх нь бизнесийн ертөнцөд манлайлж, анагаах ухаанд ач холбогдлоо өгч байгаа бол, сүнслэг орчинд ч гэсэн дутахгүй ач холбогдолтой юм.

Библид “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” Матай 6:33 гэжээ. Тэгвэл та ажлын бүтээмжийн мэргэжилтний зөвлөгөөг дагаад, өнөөдөр хийх ёстой зургаан хамгийн чухал зүйлийнхээ жагсаалтыг гаргаж яагаад болохгүй гэж? Тэгэхдээ Христийн айлдварыг дагаж, Түүнийг жагсаалтынхаа Нэгдүгээрт тавиарай. 
Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрэх боломжоо хойш тавьснаас болж амар тайван байдлаа олж авч чадаагүй олон хүн  байна. Бурхантай эвлэрээгүй хүн мөнх амийг авах боломжоороо дэнчин тавьж буй хэрэг юм. Тиймээс Бурханаас гуйж, гэм нүглээ уучлуулаарай. Өнөөдөр хийх учиртай гэж мэдэж байгаа зүйлийг хийхэд тань туслахыг Бурханаас залбиран гуйгаарай.


ГАГЦХҮҮ ЭХЛЭЭД БУРХАНЫ ХААНЧЛАЛ БА ЗӨВТ БАЙДЛЫГ ХАЙГТУН