ДАЙСНУУДАА ДҮҮЖЛЭГДСЭНИЙ ДАРАА УУЧЛАХ

ДАЙСНУУДАА ДҮҮЖЛЭГДСЭНИЙ ДАРАА УУЧЛАХ

 “ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ”. Дуулал 130:3-4

Зигмунд Фрейд хэлэхдээ “Хүн дайснуудаа уучлах ёстой. Гэхдээ дүүжлүүлэхээс нь өмнө уучилж болохгүй” гэжээ. Ийм хандлагатай хүн өөртөө хэзээ ч дайсан бий болгохгүй гэж найдахаас өөр аргагүй. Учир нь бусдыг уучилж чаддаггүй хүн хожим өөрөө зайлшгүй гол гатлах ёстой гүүрээ шатааж буй хэрэг.
Зарим зүйлийг Бурханы тусламжгүйгээр уучлахад үнэхээр хүнд, бараг уучлах боломжгүй. Гэхдээ Бурхан танд уучлахад чинь туслахад бэлэн. Гэхдээ та энэ тухай өөр талаас бодож үзсэн үү. Хэрэв Бурхан бидэнд яг Зигмунд Фрейдын хэлсэн хандлагаар хандсан бол яах байсан бол. Яг Фрейд шиг “Би тэр хүнийг амьд байгаа цагт уучлахгүй” гэж бодож болох юм. Бодоод зогсохгүй, үнэхээр өс санадаг. Тийм ч учраас зарим хүн “Бурхан хүнийг хэзээ ч уучилдаггүй” гэж үздэг. Бид нэг нэгэндээ яаж ханддаг шиг Бурхан бидэнд яг тэгж ханддаг гэж тэд боддог.
Бурхан уучилдаггүй Бурхан уу? Дуулал номыг бичигч нь “ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ” Дуулал 130:3-4 гэж яагаад бичсэн юм бол. Өөрөөр хэлбэл “Би чамайг хэзээ ч уучлахгүй” гэж Бурханы зүгээс хэлэхэд хүргэх хэтэрхий агуу том гэм нүгэл гэж байх уу?
Гэм нүглийн янз бүрийн хэмжээг заасан гурван үгийг бүгдээрээ харцгаая. Эхний үг бол “хилэнц”. Энэ үг буруу зүйл хийхээр зорьж санаархсан үйлдлийг хэлдэг. Энэ тохиолдолд буруу зүйл хийхээр урьдаас төлөвлөсөн байна. Хулгайлах, хүний аминд хүрэх, хөршийнхөө эхнэртэй завхайрах, тэр байтугай зах дээрээс нэг жимс хулгайлах үйлийг бодож байгаад хийсэн гэсэн үг. Энэ үг бас эрх мэдлийн эсрэг босож тэрсэлсэн утгыг агуулдаг. Зөв гэсэн хил хязгаар дотор байхаас татгалзсан санааг илэрхийлнэ. Энэ бол гэм хийх хандлага. Энэ бол хүн хийж байгаа зүйлээ ямар гэдгийг мэдсээр байж хэргээр нүгэл хийж буйг тусган харуулсан үг.
Хоёрдугаар үг “гэм буруу”. Энэ үгийн дэвсгэр утга нь ямар нэг мушгисан, муруй юм уу үнэн биш зүйлийн санааг илэрхийлнэ. Эцсийн утгаар зөв гэсэн зүйлд нийцэхгүйг энэ үгээр дүрсэлдэг. Хүний доторх буруу хандлагууд эцсийн эцэст буруу үйлдэл болж илэрдэг утгыг агуулж байна. Аливаа шударга бус явдал, аливаа нүгэлт үйл эхлээд бодлоос үүдэлтэй. Тэр бодол эцсийн эцэст үйл хэрэг болж, та хийсэн зүйлээ өмгөөлөн зөвтгөхөд хүрдэг.
Гуравдугаар үг бол Хуучин Гэрээнд түгээмэл ашиглагддаг “нүгэл” гэдэг үг. Энэ үгийн утга нь “байг эс онох”. Нум сум харваад, байг оноогүй бөгөөд “Зөв замаас гарч гажих” гэсэн утгатай. Яг л хүн салаа зам дээр тулж ирсэнтэй адил. Тэр хүн эргэлзээнд автан хэсэг саатсанаа буруу салаа замаар явж буйтай адил. Магадгүй хар санаагүй, цайлган алдаа хийсэн байх. Гэхдээ тэр хүн буруу замаар явсныг ямар ч шалтаг зөвтгөхгүй.
Давид хаан ч гэсэн гэмт бодолдоо автан Батшееба бүсгүйг өөрийн болгосон. Тэрээр өөрийнхөө ёс суртахууны уналтыг нээлттэйгээр, шударгаар хүлээсэн. Тэгээд Бурханы уучлалыг хүсэмжилснээр олж авсан.
Бурханд уучилж чаддаггүй гэм нүгэл гэж байдаг гэж үү? Давид хүн алсан, завхайрсан, эрх мэдлээ ашигласан. Гэтэл Бурхан түүнийг уучилсан. Давид хэлэхдээ “Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг” (Дуулал 86:5)


БУРХАН УУЧЛАХ НИГҮҮЛСЭЛТЭЙД НЬ ТАЛАРХЪЯ. ТА Ч МӨН БУСДЫГ УУЧЛАХ ТУХАЙ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.