СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ ХААЛГЫГ ЧИНЬ ТОГШИХОД

СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ ХААЛГЫГ ЧИНЬ ТОГШИХОД

 “Зовол хавчил дундаас ЭЗЭНд би хашхирав. Зоо тэнүүн газраар ЭЗЭН надад хариулав.” Дуулал 118:5

Сэтгэцийн эрүүл мэндийн газрын “Хүн амын 17% нь ямар нэг байдлаар сэтгэлийн хямралд автсан байдаг” гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Хэрэв та эдгээр хүмүүсийн нэг нь бол анхаарна уу? Энгийн зөвлөмж болоод, хаанаас тусламж авч болох тухай тэмдэглэж аваарай.
Нэгдүгээрт, өөрөөсөө ингэж асуу. Би үнэхээр сэтгэлийн хямралд автсан уу. Эсвэл түр зуурын хямралтай байна уу? Сэтгэлийн хямралын анхны илрэл олон хөлийн газраас холдох, хэн нэгэнтэй тулж харилцахаас тээршаах, юмыг хойш тавих, гадаад үзэмждээ анхаарахгүй байх, хоолны дуршил өөрчлөгдөх, бодит байдлаас зугтах,  архи тамхинд дурлах, дэлгэцээс салж чадахгүй байх гэх мэтээр илэрнэ. 
Хоёрдугаарт, өөрийнхөө зуршлын өөрчлөлтийг ажиглан шинжил. Магадгүй та явган их алхаж, тогтмол дасгал хийдэг байсан байх. Гэтэл одоо орноосоо босоход ч хэцүү санагдана. Та хүмүүстэй уулзахаас зайлсхийж, хөшгөө хааж, бүрэнхийд зурагт үзэхийг илүүд сонгох болсон. Тэгвэл энэ шинэ хэв маяг давтагдсаар сэтгэлийн хямралд хүргэдэг. 
Дараа нь “Би энэ асуудлыг өөрөө бий болгосон уу. Энэ байдлаас гарахын тулд надад хийх шаардлагатай зүйл бий юү.  Байвал юү хийхээ мэдэж байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Заримдаа хүн мэдсээр байж буруу зүйл хийснээсээ болж өөрийгөө сэтгэлийн хямралд оруулдаг. Энэ үед та өөрийгөө тусгаарлан, нүхэнд ч болтугай шургахыг хүсэх нь аргагүй шүү дээ. 
Тэгээд “Би чадах бүхнээ хийлээ. Бурхантай асуудалгүй хэр нь сэтгэл минь хямарсаар байна” гэж гомдоллоход хүрдэг. Гэвч та хэчнээн доошоо орж буй мэдрэмж төрөх хэдий ч “Надад тусламж хэрэгтэй байна” гэдэг үгийг хэлж сурах нь зүйтэй.  Та өвдвөл эмчид ханддаггүй гэж үү, нүд чинь өвдвөл нүдний эмч дээр, шүд чинь өвдвөл шүдний эмч дээр очдог биз дээ. 
За тэгвэл эхлээд хэнд асуудлаа ярих вэ? Нөхөртөө, эхнэртээ, эсвэл пастортоо ярь. Боломжтой бол өрхийн эмчдээ хэл. Заримдаа эмээр эмчилгээ хийх нь асар их тустай хэдий ч зарим үед эм тан уусан ч эмгэг үр дүнд хүрэхгүй байх нь бий. 
Гэхдээ та нэг зүйлд бат итгэж болно. Бурхан тусламж гуйсан залбиралд өөр, өөр замаар хариу өгдөг. Заримдаа бидэнд шууд хариу өгч, сэтгэлийн хямралын хар үүлийг авч хаядаг. Заримдаа биднийг сонсох хүнийг илгээдэг. Заримдаа та өөртөө тусалж чадахгүй байвал магадгүй эмч хүнийг ч явуулж болно. 
Эцэст нь дүгнэхэд: Бурхан сэтгэлийн хямралыг анх бий болгоогүй. Гол нь бид Түүний заасан замаар яваагүй, Түүний хүсэж зорьсноор амьдрахаас татгалзсанаас болж бидэнд сэтгэлийн хямрал ирэх нь бий.
Харин Бурхан бидний эмтэрсэн зүрх, сүйрсэн амьдралыг засаж, бидэнд эрүүл мэнд, бүрэн бүтэн байдал, эдгэрлийг өгдөг Нэгэн. Тэр эмтэрсэн зүрхийг эдгээгч хэвээр. Зовлон өвдөлттэй хүмүүсийн хоргодох газар байсаар байна. Сэтгэлийн хямрал бол бидний анд найз биш ч гэлээ, биднийг анд найз маань болж чадах Түүн рүү ойртуулах нь бий. Ах дүүгээс ч илүү дотно болж, баргар цаг үед бидэнтэй хамт алхах Түүн рүү биднийг ойртуулдаг. Энэ бол гарцаагүй сайн зүйл билээ.


ТЭР ЭМТЭРСЭН ЗҮРХИЙГ ЭДГЭЭГЧ ХЭВЭЭР