СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ БОЛОН ИТГЭЛ НАЙДВАР

СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ БОЛОН ИТГЭЛ НАЙДВАР

“Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой” Дуулал 43:5

Чарлз Хэддон Спёржин бол “Номлогчдын ханхүү” гэдэг нэрээр зуун дамжин танигдсан номлогч хүн. Тэрээр өөрийнхөө үйлчлэлийг 18 настайдаа эхлүүлж байжээ. 
Анх үйлчлэлээ эхэлж байхад сүм дотор нь гал гарч л дээ. Ардуур нь хүмүүс яагаад үймэлдэх болсныг мэдээгүйгээс болж Спёржин сүмийнхээ хүмүүсийг тайван суухыг хүссээр хэд хэдэн хүнээ галд алдаж. Энэхүү эмгэнэлт зүйлээс болж тэрээр сэтгэлийн хямралд автав. Хожим сэтгэлийнхээ хямралаа давж чадсан ч үе үе сэдэрч насан туршдаа хямарсаар ирсэн. Заримдаа туйлын их хямарснаасаа болж орноосоо ч босож чаддаггүй байлаа.
Сэтгэлийн хямрал нь хүн болгонд хэзээ нэгэн цагт ямар нэгэн хэмжээгээр тулгардаг зүйлийн нэг. Гэхдээ ихэнх үед сэтгэлийн хямрал түр зуурынх. Хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн дараа бараан үүл арилж, нар дахин гарна. Гэтэл зарим хүн харанхуй гянданд түгжигдэж ямар ч гэрэл тусгахгүй мэт дарамтад ордог.
Сэтгэлийн хямралыг даамжруулдаг гаднын олон хүчин зүйлс бий. Жишээ нь, биелэгдээгүй хүлээлт, алдаа дутагдал, мухардал, ганцаардал, урвалт, сул дорой байдал, мөн Сатанаас ирэх дарамт шахалт байж болно. Үүнээс гадна дотоод буюу биологийн хүчин зүйлс бий. Үүнд, химийн бодисын тэнцвэрт бус байдал, баргар, түргэн ааш зан орно. Мөн  ярьж ойлгоход хэтэрхий бэрх өөр бусад хүчин зүйлс бий. 
Заримдаа сэтгэлийн хямрал нь сүнслэг утгатай байдаг. Бурханаас зугтаж явсан Ионаг хар л даа. Тэр анх өөрийгөө хөөрхийлж өрөвдөөд тэр нь сэтгэлийн хямрал болж хувирсан. Бурханаас нүүр бууруулаад тэнд нь ямар ч найдвар, гэрэл гэгээ үгүй болохыг олж харна. Энэ мэдээж хямрах зүйл билээ.
 Хэрэв та сэтгэлийн хямралд орсон бол юунаас шалтгаалсан нь чухал биш. Харин хямралаас гарах нь таны гол зорилго болох учиртай.
Спёржины хувьд “Бурханы сэтгэлийн дагуух хүн” гэдгээр олноо танигдсан Давид хааныг даган дуурайж, сэтгэлийн дарамттайгаа тэмцсэн хүн. Давид нэг удаа залбирахдаа “Зүрхнийхээ шаналлаас болж би бархирдаг” Дуулал 38:8 гэж хашхирсныг санаж байна уу? Мөн Давид Бурханы өршөөлд өөрийгөө бүрэн даатгаж, сэтгэлийнхээ тэнцвэрийг олсныг дараах эшлэлээс харж болно.“Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой” Дуулал 43:5
     Зарим хүн сэтгэлийнхээ дарамттайгаа өөрөө тэмцдэг. Харин зарим хүнд тусламж хэрэгтэй бөгөөд туслах хүнгүй аваас  амьдрал нь сүйрдэг. “Надад тусламж хэрэгтэй” гэж хүлээн зөвшөөрөх нь буруу биш болов ч бас амар биш. Тийм учраас хэн нэгэн өөртөө анхаарахаа больж, өөрийгөө тусгаарлаж, архи тамхинд автаж “Нэгэнт өнгөрсөн хүн” гэж өөрийгөө гаргуунд гаргаж байвал, түүнд хамгийн түрүүнд туслах хүн бол та. 
Сэтгэлийн хямралд автсан хүнд сэтгэл зүй болон бие махбодын мөн сүнслэг тусламжийн аль аль нь хэрэгтэй. Бурхан байгаа цагт найдвар бий, амьдрал үүгээр төгсөхгүйг түүнд ойлгуулах нь жинхэнэ тус. Тэгвэл тэр хүн аажмаар хямралаас гарах хаалганы бариулаас атгаж гэр бүл, хувийн амьдралдаа эргэн орох эхлэл тавигдана. Сэтгэлийн хямралын хүлээснээс гарах шаардлагатай хүний зовлон зүдүүрийг Бурхан хэзээ ч үл тоомсорлон орхидоггүй. Тэр бол амьд хүмүүсийн Бурхан. Ингээд энэ удаагийн зөвлөмжөө эш үзүүлэгч Иеремиагийн үгээр өндөрлөе. 


“...ӨРШӨӨЛ ЮУНД НЬ ТӨГСГӨЛ ҮГҮЙ”