СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ

СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ

 “Та амраг хайртыг бас анд нөхрийг надаас холдуулсан. Танилууд минь ч харанхуйд байна” Дуулал 88:18

Арван хоёрдугаар сарын баргар хүйтэн өдрүүдэд хүний бие махбод ядарч сульдан сэтгэл санаа гутралд автах нь бий. Яг энэ үед сэтгэлийн хямралд автан шалдаа буусан гурван хүнийг би мэднэ.
Эхнийх нь хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн хөгжимчин, Христитгэгч удирдагч хүн байв. Тэрээр олон магтуу дуу зохиосон бөгөөд бүх насаараа театрт ажиллаж, маш олон магтаал шагналыг авч байсан. Гэтэл энэ хүн Христ мэндэлсний баяр болдог долоо  хоногт сүмийнхээ оффист өөрийгөө түгжиж байгаад толгой руугаа буудан амиа егүүтгэсэн.  
Мөн яг энэ долоо хоногт дэлхий дээр хамгийн сайн эмч нарын тоонд ордог маш алдартай хүүхдийн мэс заслын эмч сэтгэлийн гүн хямралаас гарч чадалгүй  амиа хорлов. Түүний тухай телевизийн баримтат кино бүтээгдэж, өвчтөнүүд нь түүнийг шүтдэг байсан гэхэд хилсдэхгүй.
Хөөрхийлөлтэй гурвалын дараагийн хүн бол миний эртний найз. Тэр бас зүрхний эмч хүн байсан юм. Энэ эмэгтэй мэс засалч мэргэжилтэй өөрийн нөхөртэйгөө мөр зэрэгцэн насан туршдаа хүмүүст тусалж ирсэн. Гэхдээ энэ хүн харин амиа хорлолгүй эдгэрлийн замд орсон юм. Ийм агуу хүмүүс халин одох тохиолдол бүрт олон түмэн асар их алдагдал эндэгдлийг амсах нь гарцаагүй. Мэдээж тэдний гэр бүл, найз нөхдийнх нь уй гашууг энд дурдах ч шаардлагагүй.
Улс гүрэнд ард иргэдээ хамгаалах хууль тогтоолыг нэлээдгүй олон гардаг. Хүн бид уух ус, идэх хоолоо хянаж тохируулж байна. Бас улсынхаа аюулгүй байдлыг хангахаар хил хязгаараа батлан хамгаалдаг. Гэтэл ямар ч хууль, хязгаарлалт тухайн хүнийг туйлын сэтгэлийн хямралаас гарган хамгаалж чадахгүй билээ. Ахмад настай хүмүүсийн бие махбод доройтож, цаашид зорьж тэмүүлэх зүйлгүй болдог тул сэтгэлийн хямралд автах хамгийн сонгодог жишээ. Гэтэл өнөө цагт зөвхөн ахмадууд биш, дунд насны, амжилттай, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ч бас сэтгэлийн хямралтай болсоор...
Яагаад ийм зүйл болж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Үүний хариуг хэн ч хоёрхон минутын хугацаанд өгч чадахгүй л дээ. Сэтгэлийн хямрал бол нарийн төвөгтэй үзэгдэл. Энэ бол сүнслэг байдал дутагдсаны шинж биш. Мөн Бурханы төлөвлөгөө, зорилгыг ойлгож чадахгүйн шинж ч биш. Сэтгэлийн хямралд Христитгэгчид ч, мөн итгэдэггүй хүмүүс ч адил хэмжээгээр ордог. Гэхдээ итгэдэггүй хүн амьдрах сонирхолгүй болж байхад итгэгч хүнд энэ бүгдийг давж гарахад туслах эх сурвалж бий гэдэгт би бат итгэдэг. Үүнтэй холбоотойгоор би нэг хөөрхий эмэгтэйг санадаг юм. Нүднээсээ нулимс урсган “Бурхан минь, хэрэв би яаж гэдгийг мэддэгсэн бол би аль хэдийнээ энэ хямралаас гарах байсан” гэж тэр надад хэлж байсныг би мартдаггүй. 
Сэтгэлийн хямралд орсон хүнд тусламж өгч, найдвар бэлэглэх боломж бий. Хэдийгээр энэ үйл явц шаналгаатай, урт удаан боловч юутай ч байсан харанхуйгаас гарах зам байгаа гэдгийг бүү мартаарай. Учир нь Бурхан зовж зүдэрсэн хүнийг анхаардаг. Гоц сайн мэс засалч ч бай, авьяаслаг багш ч бай Бурхан санаа тавина. Аль эсвэл, олон жилийн турш тогтвортойгоор ажиллаж хөдөлмөрлөөд одоо эрүүл мэнд нь муудаж, оюун ухаан сэтгэцийнх нь тэнцвэрт байдал алдагдаж буй буурал үстэй хөгшнийг ч Бурхан тоон авч хэлэлцдэг.


УЧИР НЬ БУРХАН ЗОВЖ ЗҮДЭРСЭН ХҮНИЙГ АНХААРДАГ