ИТГЭЛИЙН ЗАМ

ИТГЭЛИЙН ЗАМ

“Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” Лук 9:23

Нэг удаа Есүс дагалдагчдадаа хандан “Хэрэв Түүнийг хайрлах таны хайр хангалттай агуу биш, тэр хайрын дэргэд жирийн харилцааны хайр буюу аав ээж, эхнэр хүүхдүүдээ хайрлах хайр чинь бүдгэрэхгүй юм бол та Түүний дагалдагч байж чадахгүй” гэж хэлжээ. (Лук 14:25-35)
 Бас нэг удаа Тэр үгээ айлдаж сонсогч хүмүүсээ мэл гайхшруулж байсан. “Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” Лук 9:23 гэв. Есүс энд гурван алхмын тухай өгүүлсэн: Нэгдүгээрт, өөрийгөө үгүйсгэ. Тэгээд загалмайгаа ав. Хамгийн сүүлд Түүнийг дага. Энэ бүхэн мэдээж хүний мөн чанартай зөрчилддөг. Яагаад гэвэл бид чинь өөрийгөө дөвийлгөсөн соёл ахуйд амьдарч байна шүү дээ. 
Та зурагт үзэх, эсвэл зам дагуух зар сурталчилгааг хараарай. “Зөвхөн танд зориулсан үйлчилгээ” гээд л ёстой л таныг энэ орчлонгийн төв нь юм шиг л сурталчилдаг. Гэтэл өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь зүгээр л эргэлт буцалтгүйгээр сүм хийдэд шавилан суухаас илүү утга учиртай зүйл билээ. Энэ нь та хувь заяагаа удирдах эрхгүйгээр, Есүс Христ таны амьдралын тэргүүн байр сууринд заларна гэсэн үг. 
Энэ тухайд Эй. В. Тозер “Загалмай үүрсэн хүн хувь заяагаа хянах эрх цаашид үгүй. Тэр хүн юу хийхийг хүсэвч түүнд хийж чадах цор ганц зүйл Цовдлогдох газар өөд алхах л үлдэж байна” гэж бичжээ. 
Харин Жорж Свийтийнгийн “Үүнийг хэн хэлсэн бэ?” зохиолд “Гэтэл загалмай үгүй Христитгэл гэж бас бий болжээ. Энэ хүмүүс загалмайн ичгүүр шившгээс зайлсхийж байна. Гэвч энэ итгэл хүч мэдэлгүй, ямар ч ашиг үгүй. Тийм болохоор “Түүнийг дагах” нь итгэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бурханы хяналтыг хүлээн зөвшөөрвөл үр дүн зайлшгүй гарах учиртай” гэж бичигдсэн байдаг.
За ингээд өнөөдрийн дүгнэлт үгээ хэлье. Таны амьдралд Бурханы зориулсан зорилгыг ойлгох нь сэтгэл хөдлөм хэр нь шаналгаатай зүйл. Бурханы зорилго сая сая хүмүүсийн нүдэнд оч асааж, тусгал болсон. Бурханд таны амьдралд зориулсан зорилго үнэхээр бий. Харин тэр зорилгын гол цөм бол дуулгавартай байдал. Та биш, Бурхан чухал. Дуулгавартай байснаараа та, амьдралд чинь зориулсан Бурханы зорилгыг, биелүүлж байна гэсэн үг. Учир нь дуулгавар бол Бурханы зорилгын биет илрэл. Есүс Христийн мөрөөр замнах бол Бурхан Эцэгийн хүсэлд дор дуулгавартай дагах юм. 
Итгэл бол хүрэх газар биш, аялал. Ямар нэг туршлага юм уу нэг удаагийн үйл явдал биш. Харин өдөр тутмын амьдралын алхаа. Та өглөө бүхэн сэрээд “Эзэн, би таных. Надад тушаагаач. Өнөөдөр намайг хаашаа хөтөлнө би тийшээ явна. Надтай ойр байгаач. Би Таны дууг сонсож, Таны оршихуйг мэдэрмээр байна. Гадаах ертөнц харанхуй. Харин Та миний амьдрал болооч. Хамт явцгаая. Би дагахад бэлэн” гэж хэлэх нь итгэл юм.


ТА МИНИЙ АМЬДРАЛ БОЛООЧ, ХАМТ ЯВЦГААЯ