ИТГЭЛ ДОТОР АЛХ

ИТГЭЛ ДОТОР АЛХ

 “Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч ‘Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?’ гэлээ.” Матай 14:31

Английн авралын зар тараагч Жорж Вайтфийлд нэг удаа Корнвалл гэдэг газрын нэгэн нүүрс олборлодог уурхайчнаас юунд итгэдэг тухай асуужээ. Өнөөх уурхайчин “Өө, би сүм чуулганыхаа итгэдэг зүйлсэд итгэдэг” гэж хариулжээ. Вайтфийлд түүнээс “Тэгвэл сүм чуулган чинь юу гэж итгэдэг вэ?” гэхэд уурхайчин “Өө, сүм чуулганыхан бол миний итгэдэг зүйлстэй адил зүйлд итгэдэг” гэв. Авралын зар тараагч нэлээд цухалдангуй “Тэгвэл чи болон сүм чуулган чинь юунд итгэдэг юм бэ?” гэсэн чинь нөгөө эр “Бид бүгд адилхан зүйлд итгэдэг” гэсэн гэдэг. 
Тийм байдаг байж. Хэрэв та хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол хүрэх газраа ирсэн үгүйгээ яаж мэдэх юм бэ? Зохиол Эй. В. Тозер итгэлийн тухай “Итгэл нь хүрэх газар биш, харин аялал” гэж тодорхойлжээ. Зарим хүн итгэгч болоод өөрийгөө Бурхангүйгээр үгээгүй ядуу, төөрсөн гэж үзээд сүнслэг үнэнээс бат зуурч авдаг. Тийм учраас тэдний хувьд Есүс Христийн “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” Иохан 14:6 гэсэн амлалт нь аюулгүй газар хөтлөх зам нь болдог. Тэгээд харанхуй ангалыг амлалтын гүүрээр үтэр түргэн давж гардаг. Гэтэл ихэнх хүн цөхрөлт амьдралаас, итгэлийн амьдралд тийм ч амаргүй хүрдэг.
Үнэндээ, итгэл гээч зүйл үнэ өртөгтэй байдгийг Есүс зааж сургажээ. Хэрэв хэн нэгэн үнэ өртгийг нь төлөх хүсэлгүй бол итгэлээр аялагчдын эгнээнд нэгдэх нь дэмий зүйл. Есүс цамхаг барих хүсэлтэй хүний тухай ярьсныг Лук тэмдэглэн үлдээсэн байдаг. Есүс тэр эрээс “Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээс, суурийг нь тавьчхаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно” (Лук 14:28-30) 
Тийм ээ. Өнөө цагт ч Бурханд итгэхэд төлөх үнэ өртөг гэж бий. Христитгэгч болох нь зарим хүнд үхлийн тогтоол дээр гарын үсэг зурж буйтай адил. Бусад тохиолдолд амь насанд чинь аюул учрахгүй байж болно. Жишээ нь, итгэлийнхээ улмаас та байгууллага дотроо албан тушаал ахихад чинь хүртэл саад тохиож магадгүй. Эхлэл номд Иаков Бурхантай барилдаад “Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй” гэж хашхирсан тухай өгүүлсэн. Тэр шөнө Бурхан түүнд мутраа хүргэж, түүний нэрийг өөрчлөв.
Ингээд би нэгэн дүгнэлт хийж таны бодолд үлдээе.  Бурхан бол тэвчээртэй, Өөрт нь итгэгч аливаа хүн мөхөхгүй, харин бүгд мөнх амьтай болоосой гэж хүсдэг. Үнэнийг хайх нь буруу зүйл биш. Бурханы өршөөл нигүүлсэл дор та ямар нөхцөл тавьж буйгаа ойлгох нь зөв зүйл. Та үнэнд бүрэн итгэсэн, Есүс таны гэм нүглийн төлөө нас барсан. Мөн тэр булшлагдаад гурав дахь өдрөө үхлээс амилсан гэдэг үгэнд та бүрэн найдсан байж болно.
Гэвч та одоо хүртэл итгэлийн аялалд гарахаас татгалзсаар байна уу? Гэрлийн өөдөөс алхахын оронд, гэрлээс нүүрээ бууруулж харанхуйн өөдөөс алхаж байж ч магадгүй. Хэрэв харанхуйд алхаж яваа бол тун аюултай. Ингэж яваад та ямар ч найдвар, ямар ч тусыг эс олно. 


УЧИР НЬ ИТГЭЛ БОЛ ХАРАНХУЙД ТЭМТЧИХ БИШ, ХАРИН ГЭРЭЛ РҮҮ АЛХАХ АЛХАМ БИЛЭЭ