ИТГЭЛИЙН АЯЛАЛ

ИТГЭЛИЙН АЯЛАЛ

“Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” Еврей 11:1

Олон янзын салаа утгатай цөөхөн хэдэн үг байдгийн нэг нь Итгэл. Жишээ нь бид Бурханд итгэх гэж ярьдаг. Мөн хүмүүс хоорондоо итгэх итгэлцэл. Зарим хүн итгэлийг үл мэдэх хүч гэж үзэх нь ч бий. Ингээд зогсохгүй зорьсон цэгт хүргэх гүүртэй адилтгадаг. Зарим тохиолдолд нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч “болно, бүтнэ...” гээд найдаж буй зүйлийг итгэл гэж ярьдаг. Яг л гүн хавцал руу унах үед барьж авах хэн нэгэн тэнд бий гэж бодохтой адил.
Зарим хүн “Надад итгэлийн тухай битгий яриад бай. Бодит зүйлсийн тухай ярь” гэж хэлдэг. Гэтэл Библид итгэлийг тодорхойлохдоо “Нүдэнд харагдахгүй зүйлд итгэх нь хүний оюун ухаан, туршлагатай зөрчилдөнө” гэдгийг Ариун бичээсийг бичсэн нэгэн ухаарчээ. Тийм учраас “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” Еврей 11:1 гэж бичжээ.
Энэ тодорхойлолтыг ойлгоход тус болох хоёр түлхүүр үг энд бий. Нэгд “бодит байдал” гэж орчуулагдсан үг байна. Ромын хаант улсын үед энэ үгээр газар эзэмшигчийн эрхийг нэрлэдэг байжээ. Бүх зүйлд гарын үсэг зурж, тамга тавигдана гэсэн үг. Хоёрдугаарт “баталгаа” гэж орчуулагдсан үг. Энэ бол таны найдаж буй зүйлсийн баталгаа гэсэн үг юм. Гэтэл огт харагдахгүй зүйлд итгэх нь бодит байдлын мэдрэмж төрөхөд хэцүү гэж та хэлж магад.
Си.Эс.Льюис бичихдээ “Таны ааш зан хэрхэн өөрчлөгдөж буйгаас үл хамааран хүлээн зөвшөөрсөн зүйлээсээ зуурсаар байхыг итгэл гэнэ. Тиймээс ааш зангаа хазаарлаж сурахаас нааш төлөвшсөн Христитгэгч болж хэзээ ч чадахгүй. Учир нь таны үнэмшил тухайн өдрийн тэнгэр юм уу, лагшин тунгалаг байх эсэхээс  шалтгаалах болно. Ийм ч учраас хүн итгэлтэй байх зуршлаа улам хөгжүүлэх учиртай” гэж бичжээ.
За тэгвэл та одоо “Хэзээ ч нүдээрээ хараагүй Нэгэнд өөрийгөө даатгаж чадаж байна уу?” гэж  өөрөөсөө асуугаарай:
-          Бурхан оршин байдаг гэдэгт: Бурхан энэ дэлхийг бүтээхдээ Өөрийнхөө хүч чадлаа харуулсан гэдэгт би итгэж байна уу?
-          Бурхан сайн гэдэгт: Намайг ямар нэг үнэн биш зүйлд итгүүлэх гэж Тэр хүчилдэггүй гэдэгт би итгэж байна уу?
-          Бурханд итгэж болно гэдэгт: Тэр надад худлаа ярьж, намайг хууран мэхлэх санаагүй гэдэгт би итгэж байна уу?
-          Бурханы хайрын баталгаатай гэдэгт: Эрт дээр үед Тэр Өөрийнхөө Хүүг дэлхийд илгээсэн нь үнэн гэдэгт би итгэж байна уу?
-          Би элч Паулын бичсэн “Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан” гэдэг үгийг хүлээн зөвшөөрч байна уу?
Эцэст нь зохиолч Эй. В. Тозерийн үгээр таныг урамшуулъя. “Үйлс номоос харвал, итгэл бол итгэгч хүн бүрийн эцсийн хүрэх цэг биш, харин эхлэл нь. Энэ бол Эзэний ялгуусан өдрийг хүлээсээр хэвтэх ор биш, харин аялах аян зам. Итгэнэ гэдэг нь нэг удаагийн хийсэн үйлдэл биш. Харин зүрх сэтгэл, оюун ухааны хандлага. Энэ нь итгэгч хүмүүст Түүний загалмайг үүрээд, Хурга болох Есүсийг дагах урам зориг, хүчийг өгөх хандлага байжээ”...


ИТГЭЛ ГЭДЭГ ЭЦСИЙН ХҮРЭХ ЦЭГ БИШ, ХАРИН ЭХЛЭЛ