БУРХАНЫГ ОЙЛГОХУЙ

БУРХАНЫГ ОЙЛГОХУЙ

 “Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?” Ром 11:34 

“Би Бурханыг ойлгохгүй байна” гэж надад нэг залуу хэлж билээ. Тэр залуу Бурханд эргэлзсэндээ биш, харин ч чин сэтгэлээсээ хэлсэн санагдсан. Тэгэхэд нь би “Бурхан бол Бурхан. Хэрэв чи Бурханыг яг л найз шигээ амархан ойлгочихдог бол тэр Бурхан хэмжээлшгүй эрх мэдэлт Нэгэн байхаа болино. Тэгвэл Бурхан яг л чам шиг хүмүүн шинжтэй, алдаа дутагдалтай Нэгэн болж хувирна” гэж учирласан. Тэгээд би түүнээс “Чамд Бурханы талаар ойлгоход хэцүү зүйл юү байна вэ?” гэж асуусан юм. 
Туршлагаас харвал, энэ асуултад хариулж буй хүмүүсийг хоёр хувааж болно. Эхнийх нь итгэлийн гэр бүлээс гадуур. Нөгөө хэсэг нь Бурханд итгэдэг хэр нь зарим асуудлаас болж хямарсан хүмүүс. Гол нь тэд “Бурхан яагаад миний залбирлын хариуг хүссэнээр минь өгдөггүй юм болоо” гэж гайхдаг. Надад хүмүүсээс асуудаг бас нэг асуулт бий. Чи Бурханы тухай яг юу гэж ойлгодог вэ? Өнөөдөр энэ асуултыг танд тавьж байна. Та яг юуг ойлгохгүй байгаагаа олж тогтоохын тулд эхлээд Бурханы талаарх ойлголтоо бичээрэй. 
Хэрэв та Бурхантай харилцаагүй бол таны бичих зүйлийн жагсаалт маш богино байх болно. Магадгүй та Бурхан байдагт итгэдэг хэр нь Тэр яг хэн бэ гэдгийг ойлгохгүй байж болох юм. Хэрэв та энэ ангиллын хүн бол Бурхан гэж хэн бэ? гэдгийг юун түрүүнд мэдэх хэрэгтэй. Гэхдээ та хариултаа та гүн ухааны хичээлээс олж авч чадахгүй. Бурханы мөн чанар, зан төлөвийг мэддэггүй хүмүүстэй ярилцаад бүр ч олохгүй.
 Харин Бурханы тухай мэдлэгийн эх сурвалж болох Библээс хараарай. Библи танд Бурхан хэн бэ гэдгийг хэлж өгнө. Бурхан хүмүүнд хайртай учраас эхлээд зөнч нараа илгээсэн. Дараа нь Өөрийгөө хэн болохыг бидэнд таниулахаар Өөрийн Хүүг илгээсэн тухай Библид өгүүлсэн байдаг.
Хэрэв та өөрийгөө итгэгч гэж боддог боловч Бурхан яагаад зарим зүйлийг хийж, заримыг нь хийж өгдөггүйг ойлгоход хэцүү санагддаг уу? Тэгвэл та Бурханы тухай илүү гүн ойлголт авах хэрэгтэй. Мөн та Бурханыг “Хайрын Бурхан” гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж би бодож байна. Үүний баталгаа нь Бурханы Хүү дэлхий дээр хүн болж ирсэн явдал.
 Бас Бурхан бол хүн биш, хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдгийг та ойлгодог байх. Өөрөөр хэлбэл, Бурхан хүссэн зүйлээ үйлддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим зүйлийг яагаад хийснээ танд тайлбарласан ч та ойлгож чадахгүй хэвээр үлдэнэ гэсэн үг. Мөн Библи таны амьдралд зориулсан Бурханы гарын авлага гэдгийг та хүлээн зөвшөөрдөг байх. Библиэр дамжуулан Бурхан таны амьдралын зорилго зан үйл тань ямар байгаасай гэдгийг ойлгуулдаг билээ.
За ингээд та мэддэг зүйлээ юуны түрүүнд анхаараарай. Та Бурханы талаар илүү ихийг олж мэдэх тусам Түүнийг таних хувийн харилцаа чинь илүү зузаарна. Тэгэх юм бол та нэг зүйлийг лавтай ойлгож авна. Бурханы хамгийн сайн хийж чадах бүхнийг Түүний Өөрийнх нь хүчит мутарт үлдээх нь зөв гэдгийг та ойлгоно. Итгэл гэдэг чинь ийм л зүйл шүү дээ.


 БИБЛИ БОЛ ТАНЫ АМЬДРАЛД ЗОРИУЛСАН БУРХАНЫ ГАРЫН АВЛАГА