ГОЁМСОГ ХАЙРЦАГ ДОТОРХ БУРХАН

ГОЁМСОГ ХАЙРЦАГ ДОТОРХ БУРХАН

“Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, aч тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, бүх өвчнийг чинь илааршуулдаг” Дуулал 103:2-3  

Доктор Катерин Хамлиныг Нью Йорк Таймс сэтгүүлд “Энэ цаг үеийн Тереза эх” гэж тодорхойлжээ. Энэ гавьяатай эмэгтэй олон жилийн турш нөхөртэйгөө мөр зэрэгцэн Этиопид ажилласан. Тэнд 25 мянга гаруй мэс ажилбар хийж төрөхийн хүндрэлийн улмаас бие сэтгэлийн зовлон амссан эмэгтэйчүүдийн сэтгэлийг сэргээж, найдвар бэлэглэсэн юм.
Гэтэл ийм олон хүнд тусалсан энэ эмэгтэй архаг ханиалгатай болж хэсэг хугацаанд өвчтэй байв. Урьдчилсан онош нь тийм ч сайн гарсангүй. Рентген зураг авахад уушги нь гэмтээд эхэлчихсэн байжээ. Ингээд Хамлин эмч эмчилгээ хийлгэхээр болов. Гэхдээ эмчилгээнд орохоосоо өмнө нэгэн залбирлын цуглаанд очжээ. Тэнд нэг үл таних эмэгтэй мөрөн дээр нь гараа тавьж, уушги нь эдгэрэх болтугай гэж залбирч өгөв. Залбирсных нь дараа Хамлин эмч “Миний уушги өвчтэй болсон гэдгийг та яаж мэдээ вэ?” гэж асуув. Эмэгтэй хариулахдаа “Бурханы Сүнс намайг Хамлин эмчийн төлөө залбирч өгөөрэй” гэж хөтөлсөн гэжээ. Тийм ээ Хамлин уушгины хавдартай болсон байв.
Улмаар Хамлин эмчийг Лондоны Хаммерсмитын эмнэлэгт хэвтүүлж, тэнд биопсины шинжилгээнд оруулах боллоо. Туяаны эмчилгээний тасгийн ерөнхий эмч түүний оношийг баталгаажуулах зорилгоор компьютер томографийн зургийг нь авахуулахаар зааварчилгаа өгөв. Үүний дараа эмч нар шинжилгээний хариуны улмаас маш ширүүн хэлэлцүүлэг хийж байсныг Хамлин дурсан ярьдаг. 
Хэлэлцүүлгийн дараа туяаны эмч түүнд “Намайг үнэхээр уучлаарай” гэснээ гэнэтхэн түүний уучлал хүссэн үг баяр хөөрийн мэдээгээр солигджээ. “Таны уушгинаас бид юу ч олж чадсангүй. Таны уушги ямар ч асуудалгүй байна” гэж үргэлжлүүлэн хэлэв.  Ингээд Хамлин эмч өрөөндөө эргэж очоод хувцсаа өмсөн эмнэлгээс гарлаа.
Хамлин өөрөө мэс заслын эмч хүн байтал, Бурхан өөрийнх нь уушгийг эдгээхээр залбирлыг ашигласан гэдэгт итгэхгүй байхын аргагүй юм. Түүний үл итгэгч найзууд нь “Залбирч өгсөн тэр эмэгтэй чамайг ханиалгаж байсныг сонссон юм болов уу?” гэцгээж гэнэ. Харин Хамлин эмч “Үгүй. Би огт ханиалгаагүй. Миний бие ямар өвчтэй байсныг тэр эмэгтэй яагаад ч мэдэх арга байгаагүй” гэж хариулав.
“Гэхдээ гайхамшиг гэгдэх зүйлийг Бурхан өнөө цагт хийхээ болчихсон биз дээ” гэж зарим хүн хэлж магадгүй. Бурханы мутар зарим хүнд хэрхэн хүрч эдгэрлийг өгч, харин бусдад нигүүлслээ хэрхэн тараадаг тухай итгэдэггүй хүний дэлхийлэг оюун ухаан бүрэн ойлгох боломжгүй. Бурханы илчилж харуулаагүй зүйлийг би ч гэсэн түүнд тайлбарлаж өгөх арга үгүй. Гэхдээ Бурхан бол хэмжээлшгүй эрх мэдэлтэй. Тэр Өөрийн нэрээ алдаршуулахын тулд хүссэн зүйлээ хийх сонголтоо Өөрөө хийдэг. 
Би энэ түүхийг нэг найздаа ярьж байсан удаатай. Тэгэхдээ би “Юу гээч, бид ихэнхдээ Бурханыг хайрцаглаад, Бурхан ийм тийм юм хийхээ больчихсон гэж ярьцгаадаг” гэж өөрийн тайлбараа өгсөн юм. Гэтэл найз маань “Тийм ээ. Гэхдээ маш гоёмсог хайрцагт хийдэг” гэж нэмж хэлж билээ. Тэр үед би гаднаа гоёмсог цэцгэн хээ сийлсэн царс модон авс дотор хийсэн хэн нэгний цогцсыг өөрийн эрхгүй төсөөлсөн юм.
Анд минь, та юу ч хийж байсан хамаагүй Бурханыг гоёмсог хайрцагт бүү хийгээрэй. Тэр хайрцгийг нулимс юм уу цэцэгсээр бүү чимээрэй. Бурхан бол амьд. Тэр өчигдөр, өнөөдөр, мөнхөд хувиршгүй. Миний хувьд, Бурхан зарим зүйлсийг яагаад хийхээр сонгодог, бас зарим юмыг яагаад хийхгүй байхаар шийддэг тухай би тайлбарлах шаардлагагүй гэдэгтээ баяртай байна. 


БУРХАНЫ ИЛЧИЛЖ ХАРУУЛААГҮЙ ЗҮЙЛИЙГ ХЭН Ч ТАЙЛБАРЛАШГҮЙ