ГУЙВЖ ДАЙВШГҮЙ

ГУЙВЖ ДАЙВШГҮЙ

“Танд итгэдгийн улмаас cанаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана.” Исаиа 26:3

Танд урьд өмнө нь хэдэнтээ уншиж байсан зүйл чинь гэв гэнэтхэн тодорч гарч ирээд, тухайн үед утга санааг нь сайн ойлгоогүй хэр нь одоо гэнэт ойлгох үе тохиож байсан уу? Ийм учраас л Бурханы Үгийг насан туршдаа уншсан ч Түүн доторх үнэнийг хэзээ ч судалж баршгүй юм шүү дээ.
Жишээлбэл: “Танд итгэдгийн улмаас cанаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана” Исаиа 26:3. Тийм ээ би энэ эшлэлийг зуугаад жилийн өмнө цээжилсэн юм шиг санагддаг. Энэ эшлэлийг би амьдрал минь яг л хөмөрсөн тогоонд орсон хулгана мэт санагдах үед өөртөө хэлдэг. Учир нь та ч гэсэн аливаад түүртэн, харах өнцгөө алдаж, зарим зүйлсийг сурч дассан аргаар хийх гэсэн бодолтой болдог. Тэр тохиолдолд та энэ эшлэлийг өөртөө сануулж болно.
Тэгтэл яг энэ эшлэлийг Библийн Шинэ Олон Улсын хувилбарт орчуулахдаа “Танд итгэдэг учраас гуйвж дайвшгүй санаатай хүмүүнийг та төгс амар тайван дотор байлгана” гэжээ. Улмаар би өөрөөсөө “Энэ эшлэл яг ямар учиртай юм болоо?” гэж асуулаа. Ингээд үүнээс олж нээсэн зүйлсээ тантай хуваалцъя. Энд ашигласан Еврей үг camak буюу камак.  Ямар нэг юмыг тулж түших, эсвэл ямар нэг зүйлээс зуурах гэсэн утгатай үг юм. Мөн өөр нэг утга нь “амарлингуй байх”, “өөрийгөө дэмжин тэтгэх” гэжээ.
Яг зөв, хагас онгойлгосон хаалганы завсраар нарны туяа тусаж байгаатай адил миний сэтгэлд гэрэл тусаж, шинэ зураглал үзэгдэв. Төгс амар тайван бол Бурханд гуйвж дайвшгүйгээр итгэсний шагнал гэдгийг Исаиа бидэнд хэлэх гэсэн юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид Бурханд бүрэн тулж түшнэ гэсэн үг. Бидний амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран Бурхан биднийг тэр шуурган дундуур аюулгүй гаргана гэдэгт бид итгэж найдсаар байна гэсэн үг билээ. 
Та одоо энэ эшлэлийн бүрэн дур зургийг харж чадаж байна уу? Гуйвж дайвшгүй гэдэг үг нь асуудал бэрхшээл хэчнээн хүнд байгааг хэлдэг хүний үг биш. Мөн “Бурхан чамд огт санаа тавьдаггүй. Чи бол Түүнээс анхаарал халамж авахаар тийм сайн хүн биш. Андаа, чи өөрөө өөрийгөө авч явахаас өөр аргагүй” гэж бодол мэдрэмждээ автан урам хугардаг хүний ч үг биш юм. 
Дэлхийн үл итгэгч хүмүүсийн ойлгодоггүй амар тайван гэж бий. Энэ бол Бурханд гуйвж дайвшгүйгээр итгэсний үр дүн юм. Гуйвж дайвшгүй гэдэг нь “Миний мэдрэмж юү гэх нь хамаагүй. Миний нөхцөл байдал ямар харанхуй бүрхэг байх нь онц биш. Би өөрийгөө Бурханы мутарт даатган Түүнд л итгэнэ” гэж хэлэхийн утга. Яг тэр үед таны зүрх сэтгэл амар тайвнаар дүүрэх болно. 
Хэрэв танд “Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” санагдах үе ирвэл, бодол санаагаа дахин нэг төвлөрүүлэгтүн. Тэгээд Бурхан таныг орхиогүй гэдгийг өөртөө сануулаарай. Бурхан Өөрийнхөө төгс цагт таныг авран хамгаалж, Өөрийнхөө хүч чадлыг танд харуулна гэдгийг өөртөө хэл. Тэгээд та босоод, цаашаа амьдраарай. Гуйвж дайвшгүй байна гэдэг нь яг ийм утгатай үг юм шүү. 


МИНИЙ МЭДРЭМЖ ЮҮ ГЭХ НЬ ХАМААГҮЙ. БИ ӨӨРИЙГӨӨ БУРХАНЫ МУТАРТ ДААТГАН ТҮҮНД Л ИТГЭНЭ