ТАЛАРХАЛ

“Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая! ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд бүх бурхдын дээд аугаа Хаан юм” Дуулал 95:2-3 

Талархлын баяр гэж юү вэ. Зүгээр нэг баяр уу. Таны хандлага уу, эсвэл таны зүрх сэтгэлийн толин тусгал уу? Гурвуулаа байж болно. Онцгой өдөр буюу талархлын хугацаа гаргах уламжлалыг анх Бурхан Өөрөө бий болгосон юм. Бурхан эртний израильчуудад Өөрийнхөө зөвшөөрч хангасан ургацынхаа төлөө талархах бүхэл бүтэн долоо хоногийг тусгайлан тэмдэглэх тухай зарлиг айлдвар буулгаж байжээ. Тэр баярыг “Ургацын баяр” гэж нэрлэв. Ургац боловсроход нөлөөлсөн бороо хур, нар салхинд талархаж, баясан цэнгэх цаг юм.
Энэ үйл ажиллагаа бүх нийтийнх буюу бүгд үүнд оролцох учиртай байжээ. Гэвч нөгөө талаас энэ бол хувь хүний баяр байсан юм. Хувь хүн бүр өөрийн амьдрал дахь ивээл ерөөлийг тоолж өнгөрүүлдэг. Үүний үр дүнд ажил үйлсээ түр завсарлах боломж гардаг байжээ. Хүрд шиг эргэлдэх арилжаа наймаа зогсож, худалдаачид бараагаа зарахаа түр больж, талбайд газар хагалах анжис зогсдог байв. Ингэснээр өөрийн ивээлийн эх үүсвэрийн тухай тунгаан бодох зав цагтай болдог. 
Учир нь тэд жирийн өдөр хийдэг бүхий л зүйлээ түр зогсоож, бодол санаагаа өөрийг нь ерөөсөн Бурханд хандуулдаг байжээ. Тэгж бодож тунгаасны үр дүнд зөвхөн өөрийнхөө хүчин зүтгэлээр үр тариа олж авсан бус, харин Бурхан тэдэнд ургацыг зөвшөөрч өгснийг ухаарч ойлгодог.
Дэлхийн II дайнаас хойш асар их хүн хот суурин газар шилжин суурьшсаныг бид мэднэ. Жилээс жилд эдлэн газраа орхиод хот бараадан ажилд ордог хүн нэмэгдэх болжээ. Газар дэлхийтэй ойр байж, анжсаар хагалсан хөрс шороог мэдрэх сэтгэлгээ алдагдаж байна. Хотод амьдарснаар хүмүүс зуны борооны үнэр гэж юу байдгийг мартаж, тариа ногоо ургаж боловсрох улирлын төгсгөлд бий болдог тансаг анхилуун үнэрийг ч үнэртэх боломжгүй болжээ. Энэ бүхэн алдагдсанаар бид байгаль дэлхийгээсээ холдож байна. Бурхан ургац ургахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид мартаж. Хэрэв Бурхан үгүй бол бид гарцаагүй өлсөж цангана гэдгийг ч умартсан байна.
“Хүмүүс бид талархах сэтгэлгүй болжээ” гэж хэн нэгэн хэлэхийг би сонссон. Талархах сэтгэлгүй байх нь гэм нүгэл гэдгийг үгүйсгэх хүн цөөн байх. Гэвч заримдаа санаатайгаар үл талархаж байгаа юм биш харин байгаль дэлхий газар шорооноос холдсон болохоор тэр. Тиймээс л нар салхи бороо хурыг илгээж, ажлын байраар хангадаг Бурханыг мартаж байна. Танд гэр бүлээ тэжээхэд чинь боломж бий болгодог Бурханы сайн сайхныг хүлээн зөвшөөрөх цаг завгүй, дэндүү их ажилтай тул хүмүүс үл талархах гэмд унаж байна. Талархалгүй байдлын гэм нь завгүй байдалтай холбоотой.  Үүний улмаас үл ойшоох гэм давхар дагалддаг. Учир нь ивээл ерөөлөө тоож тоолох цаг завгүй байдгаас ийм үр дагаварт хүрдэг. 
Мэдээж, амьдралд өвчин зовлон, асуудал бэрхшээл тохиодог гэдгийг ойлгож байна. Гэтэл талархалтай байх нь бидний амьдралд буй муу муухайг тусган харахын утга биш. Харин ч асуудал зөрчлөөр дүүрсэн, төгс бус энэ дэлхийд ямар зүйл зөв сайн байгааг анзаарч тэдгээрт төвлөрч талархах учиртай. Бид хүний алдаа уналтад биш, харин Бурханы ивээл ерөөлд талархаж байгаа шүү дээ. Тийм учраас Бурханы сайн сайхныг анхаарч амьдарвал дуусашгүй их талархал магтаалыг өргөх боломжтой.


ТҮҮНИЙ ӨМНӨ ТАЛАРХАЛТАЙГААР ИР...