ИТГЭЛЦЭЛ

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” Сургаалт үгс 3:5-6

Алистер Бегг нэг удаа эхнэртэйгээ явж байгаад нүдэндээ ч итгэмээргүй зүйл харжээ. Учир нь дугуй унасан хүний нуруун дээр, нэлээд том нохой суугаад, урд хөлөөрөө эзнээ тэврээд, толгойгоо мөрөн дээр нь тавьчихсан явж байж. Харин Алистер эхнэртэйгээ “Энэ хүн нохойгоо ямар сайн сургаа вэ?” гээд л яриад өнгөрч л дээ. Надад байсан нохдоос нэг нь ч тэр нохой шиг хамтарч байгаагүйг нуулгүй хэлье.
Гэтэл бага үдийн хавьд тэр хоёр өнөөх дугуйчинтай дахин тааралджээ. Алистерын эхнэр “Та энэ нохойг гөлөг байхаас нь сургасан байх, тийм үү?” гэж дугуйчнаас яриа өдөв. Дугуйчин “Үгүй дээ, би түүнийг эзэнгүй амьтдыг хорих газраас үхлүүт байхад нь авснаас хойш надад ингэж их итгэдэг болсон” гэжээ. Тэгээд “Энэ ямар үүлдрийн нохой вэ?” гэж асуухад залуу “Булдог” гэж хариулав. Гайхалтай. Энэ үүлдрийн ноход танихгүй хүнд наалдаж нялуурах нь юу л бол доо... Булдог яг л нядалгааны газрын ноход шиг хүний махны амтыг үзэх гэж улайрдаг. Үнэхээр муухай ааштай.
 Тэгэхээр та яг одоо, энэ ааш муутай, урдаг, ярдаг нохой дугуй унаж буй эзнийгээ тэврээд хамт явж байна гээд төсөөлөөд үз дээ. Хэрэв та эзэндээ ингэж их итгэдэг булдог нохойг төсөөлж чадаж байвал танд “итгэлцэл” гэдэг үгийг толь бичгээс тодорхойлж тайлбарлах хэрэггүй биз ээ.
Энэ бол жинхэнэ итгэлцэл. Эзэн нь түүнийг хаашаа авч явж байгаад нохой огтхон ч санаа зовоогүй. Нохой болон эзэн хоёрын дунд жинхэнэ харилцаа үүсэж, ирээдүйн аливаа тодорхой бус байдлыг үл хэрэгсэх итгэлцлийг бий болгожээ.
Тэгвэл эзэндээ итгэж буй нохой  шиг та ч гэсэн Бурханд итгэхийг хүсэж байна уу. Ингээд зогсохгүй таны очихыг хүсэж буй газарт биш, харин Бурхан Өөрийнхөө хүсэж буй газарт таныг аваачина гэдэгт та итгэж байна уу? “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ,  өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” Сургаалт үгс 3:5-6 гэснийг бүү мартаарай.
Итгэлцэл гэдэг алхаж сурч буй нялх хүүхдийн харц юм. Тэр харц “Миний хүү аавдаа ир. Аав нь бариад авъя” гэж буй эцэг рүү чиглэсэн итгэлцлийн харц. Бас үүн дээр нэмээд замын хөдөлгөөн дундуур дугуйгаа унаад явж буй эзнийхээ нуруун дээр хэвтэж буй булдог нохойг дахин санагтун.  
Харин та “Бурхан хүн төрөлхтний гэмийг үүрч үхлийн харанхуйгаас аварсан” гэдгийг хангалттай сайн мэддэг байж болно. Тэгсэн хэр нь амьдралынхаа жолоог тавиад Бурханд өөрийгөө бүрэн даатган, Түүний хүссэн газарт өөрийгөө хүргүүлэхдээ хойш суудаг юм биш биз...
 За за, анд минь. Хэрэв нохой эзэнтэйгээ итгэлцлийг бий болгож, нялх хүүхэд аавдаа итгэж чаддаг юм бол та Бурханд итгэхгүй байж болно гэж үү? Та Бурханд өөрийгөө даатган Түүний хүссэн газар өөрийг чинь аваачихыг зөвшөөрч болохгүй гэж үү? Та Бурханд итгэж чадна гэдэг шийдвэрийг гаргахын цагт, Бурханы нуруун дээр таатай нь аргагүй үүрүүлээд сайхан бүхнийг харсан шиг явах болно.


БУРХАН ӨӨРИЙНХӨӨ ХҮСЭЖ БУЙ ГАЗАРТ ТАНЫГ АВААЧИНА ГЭДЭГТ ТА ИТГЭЖ БАЙНА УУ?