БУРХАНЫ ТУХАЙ МОСЕГИЙН ТАНИЛЦУУЛГА

БУРХАНЫ ТУХАЙ МОСЕГИЙН ТАНИЛЦУУЛГА

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.” Эхлэл 1:1

Өнөөдөр нэг сонирхолтой ажиглалтаасаа тантай хуваалцья. Библид хаана ч Бурханы оршин тогтнолыг нотлох гэж оролдсон үгс байдаггүй юм байна. Библийн өгүүлэл эхлэхдээ л Бурханыг хэдийнээ оршин байгаагаар бичсэн. Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд хэдийнээ илчилсэн. Та Түүнийг мэдэх боломжтой гэсэн өнгө аясаар Библи эхэлдэг.
Мосегийн цаг үед боловсролтой Египетчүүд ертөнц дэлхийг өндөгнөөс үүссэн гэсэн домогт итгэдэг байжээ. Өндөг бол эртний Египетийн булш бунхан дээрээс олддог бэлэг тэмдэг. Харин Мосегийн хувьд, Синай уулан дээр Төгс хүчит нэгэнтэй биечлэн уулзчихаад, нүүр царай нь гэрэлтэн туяарсаар уулнаас бууж ирээд “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” гэж бичсэн билээ.
Тэр бидний өмнө амь амьдралын томоохон хүчин зүйлсийг тулган тавьж байна. Бид энд цаг хугацаа, матери, орон зай болон үйл ажиллагаа гэх мэт хүчин зүйлстэй нүүр тулж байна. “Цаг хугацаа гэдэг үг нь “Эхэнд” гэсэн үг юм. Харин Мосегийн бичсэн Еврей хэлээр үгчилбэл “Эхлээд...” гэсэн утгатай. Энэ бол Бүтээгч бүтээлийн үйл явцаа эхлэхээсээ ч өмнө оршин байсныг битүү утгаар илтгэх үг. Дэлхийг болон бидний анхны өвөг эцгийг бүтээхээс өмнө Бурхан хэдийнээ байсан гэсэн үг юм.
     Мосе “... Бурхан ...... бүтээжээ” гэж бичихдээ “Хэний тухай бичсэнээ одоо тайлбарлаж өгье” гэсэн юм огт бичээгүй. Харин уншиж буй хүн Бурхан тэнд хэдийнээ оршин буйг мэднэ гэсэн утгаар бичжээ. Мосе хэдийгээр Фараоны ордонд хүмүүжин боловсорсон ч Бурханы бүтээлийн тухай ярихдаа маш сонин содон үг хэрэглэжээ. Түүний ашигласан үг бол урьд өмнө оршин байгаагүй материалаас юм бүтээх гэсэн утгатай үг. Тэгээд Мосе орчлон ертөнцийн өргөн уудам орон зайг дүрслэн “тэнгэр ба газрыг” гэж бичсэн.
     Гайхалтай... Юутай их анхаарал татсан зүйл вэ. Тэгтэл та “За би үүнд итгэж байна. Гэхдээ Бурхан оршсоор байгааг би яаж мэдэх билээ? Энэ бол миний гол асуулт” гэж бодож магадгүй. Зохиолч Рик Корниш  “Итгэлээ таван өмгөөлөхүй” номдоо “Бурхан оршин байдаг уу?” гэсэн өнөө туйлын асуултыг дэвшүүлжээ. Харин  “Бурхан оршин байдаг уу?” гэдэг нь “Бурхан оршин буйг бид нотолж чадах уу?” гэдгээс тэс өөр асуулт. Доктор Корниш хэлэхдээ “Хамгийн эцсийн, туйлын утгаар ямар ч юмыг, тэр дотор Бурханыг нотолж ч болохгүй, няцааж ч үл болно” гэв.
     Та өргөн уудам тэнгэрийг харахдаа түүнийг бүтээсэн Бүтээгч буйг харахгүй өнгөрөх арга үгүй. ДНК ямар нарийн цогц бүтэцтэйг харсан байж эхийн хэвлийд хүүхэд тохиолдлоор бүрэлдэн бий болдог гэж та үнэмшихгүй нь лавтай. Эсвэл хэвлэлийн үйлдвэрт тэсрэлт болсны үр дүнд анхны толь бичиг ч юм уу анхны Гутенбергийн Библийн хэвлэмэл эх бий болсон гэж үзэх боломж үгүй шүү дээ.
Бурханы гарын бүтээлийг хармаар байна уу? Сансар огторгуйн өргөн уудам орон зайг хараарай. Нялх балчир хүүхдийн цайлган цагаан дүр төрхийг хар. Христ төрөхөд түүнийг хэвтүүлсэн малын хоосон тэвшийг харцгаа. Есүс Өөрийнхөө амиа золиос болгон өгсөн хуучин, яртай модон загалмайг хараарай. Бурханы хүүг амьсгал хураахад хэвтүүлсэн боловч бие цогцсыг ороосон даавууг хуу татаад үхлээс эргэн амилсан тэр хоосон хадан булшийг харагтун. Бурхан Өөрийнхөө хүүг илгээсэн тухай гайхамшигт сайхан түүхийг уншина уу.


ЭНЭ БҮХНЭЭС ТА БУРХАНЫ ОРШИН БАЙГААГИЙН НОТОЛГООГ ХАРАХ БОЛНО.