ЯМАР Ч ЯЛ ҮГҮЙ

ЯМАР Ч ЯЛ ҮГҮЙ

“Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй.” Ром 8:1

Би Бурханы оршихуйд зогсох ёстой юү, үгүй юү гэдэгт эргэлзэн сэтгэл чинь зовдог уу? Бурхан таныг баяртай угтан авах болов уу, эсвэл голж хаях болов уу гэж бодож байна уу? Асар их хүн яг ийм байдалтай байна. Тэр байтугай, зарим урсгал чиглэлийнхэн заахдаа дахин төрсөн үгүйгээ энэ дэлхий дээр байх үедээ, тэнгэр диваажингийн босгоор алхах хүртлээ мэдэх боломжгүй гэдэг. Гэтэл диваажингийн хаалганы өмнө ирэх мөчид та хувь тавилангаа өөрчлөхөд хэтэрхий оройтсон байх болно.
Паул Ром хотынхонд захидал бичихдээ “Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэжээ. Одоо хэсэг зуур зогсоцгооё. Үүнийг хэнд зориулж бичсэн билээ? Паул энэ захидлаа бичиж эхлэхдээ “Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул ... Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд ...” гэж хаягласан. (Ром 1:1-7) Энэ захиаг бүхлээр нь уншаад дуусгавал та нэг зүйлийг олж мэднэ. Паул энэ захидалд 26 хувь хүнийг нэрээр нь дурдсан байдаг.
Энэ хүмүүсийн талаар бид юу мэддэг билээ? Түүхэн тэмдэглэлээс харвал Ромын хүн амын гуравны хоёр нь боолчууд байжээ. Гэхдээ Паул тэдний хэн нь юу байсныг дурдаагүй. Тэр нь чухал биш. Учир нь тэд ах дүүс болжээ. Тэдний зарим нь ижил хүйстэнтэй явалддаг хүн байж байгаад дараа нь Есүст итгэсэн байх магадлалтай. Тийм амьдралтай хүмүүсийн тоо их учраас тэгж таамаглах нь буруугүй юм. Паул үүнийг ч бас дурдаагүй билээ. Харин тэр зүгээр л “Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэж л хэлжээ.
Гэхдээ энэ алдарт захидлын эхний буюу оршил догол мөр дотор Паулын дурдсан зүйлээс харвал энэ сүм чуулган юугаар олонд танигдсан болохыг харж болно. Байшин барилгаар уу? Үгүй. Хамрагдаж буй хүмүүсийн тоогоор уу? Бас л үгүй. Бурханы үйл хэрэгт нэмэр болгохоор хэр их өргөл өргөснөөр үү? Үүгээр ч биш. Харин Паул хэлэхдээ тэдний итгэл дэлхий даяар тархсан гэв. Сонин санагдаж байна уу? Хэрэв та XXI зууны сэтгэлгээтэй болчихсон, илүү их зүйл илүү сайн гэж үздэг, бас үл хөдлөх хөрөнгө, тоо хэмжээ, хүч нөлөө л чухал гэж боддог болсон бол танд Паулын бичсэн зүйл сонин санагдах байх.
Тэгвэл тэдний итгэл яагаад тийм чухал байв? Паулын “Ямар ч ял үгүй” гэсэн энэ чухал өгүүлбэрийн эхэнд “иймд” гэсэн үг бий. Үүний утга нь “Өмнө дурдсан зүйлсийг сайн анхаараарай. Энэ бол дүгнэлт үг шүү” гэсэн үг юм.
Уг номын эхний гурван бүлэгт Паул бүх хүнийг Бурханы өмнө гэм буруутай тухай өгүүлжээ. Хэн ч үүнээс ангид биш. Бүгд нүгэлтэй. Тэгээд дараа нь, Есүс Христ бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн тухай Паул бичжээ. Энд нэг чухал хэсэг гарч байна. Зөвт нэгэн гэж дүрслэгдсэн Есүс Христийн үйлдсэн зүйлийг Бурхан бидэнд тооцуулсан. Ингээд Бурхан бидэнтэй хийх тооцоогоо буюу бидний гэм буруугийн улмаас ирэх ялыг хүчингүй болгосон юм.
Ром номын 16-р бүлэгт нэлээд урт нэрсийн жагсаалт гарч байгаа нь нүглийн ялын дор байхаа больж авралыг авсан хүмүүс билээ. Хэрэв та өөрийнхөө нэрийг тэр нэрсийн жагсаалтад багтах учиргүй дээ, би ч аврагдаагүй дээ гэж үзэж байгаа бол эртний энэ захидлыг та дахин нэг унших хэрэгтэй гэсэн үг. Тэр захидалд хэзээ ч хуучиршгүй үнэн зүйл бичигдсэн. Тэр үнэнийг мэдэж авч, итгэвэл танд ямар ч сэтгэл зүйчийн үйлчилгээ хэрэггүй болж, та сэтгэл зүрхэндээ жинхэнэ амар тайвныг сая нэг авна.


ЕСҮС ХРИСТ БИДНИЙ ГЭМ НҮГЛИЙГ ТӨЛСӨН