ЭХЛЭЭД МУУ МЭДЭЭ!

ЭХЛЭЭД МУУ МЭДЭЭ!

“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ” Ром 3:23-24

Бурхан болон хүн төрөлхтний хооронд ямар нэг хана байна гэсэн итгэл үнэмшил дэлхий нийтэд байдаг юм шиг. Харин үүнийг Библид гэм нүгэл гэдгээр дүрсэлжээ.
Паул Ром хотынхонд захидал бичихдээ энэ асуудлыг цогцоор авч үзэв. Юуны өмнө, зөвхөн Бурхан ганцаараа зөвт гэдгийг нотлон бичсэн. Тэр зөвт гэдэг үгийн утгыг дөхүүлж гаргасан үг бол “шулуун шударга” гэсэн үг юм. Гэхдээ л энэ үг нь тэр утгыг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй.
Хэрэв та эмчид үзүүлбэл, эмч эхлээд сайн мэдээг танд хэлдэг. Жишээлбэл: “Таны бие сайн та алзахгүй ээ. Гэхдээ муу мэдээ  нь та заавал хагалгаа хийлгэх шаардлагатай” гэдэг. Харин Паул Ром хотынхонд бичихдээ эхлээд муу мэдээг шуудхан хэлээд дараа нь  сайн мэдээг дуулгасан. Сайн Мэдээ ямар сайн болохыг ухаарахын тулд та эхлээд муу зүйлийг мэдэх шаардлагатай. Учир нь Сайн Мэдээ бол хүмүүний уналтыг шийдвэрлэх шийдэл юм.
Бурханаас нүүрээ бууруулахдаа хүмүүс гурван алхмаар Түүнээс холдоцгоов. Нэгдүгээрт, Бурханыг үл тоомсорлосон. Дараа нь, Бурханыг дуурайлган хиймэл шүтээн болон амьтдыг шүтэж мөргөсөн. Гуравдугаарт, тэд бэлгийн хувьд замбараагүй байдлаараа Бурханыг доромжилсон. Бурхан хүн төрөлхтнийг бузар мууд нь тушаагаад орхисон гэдгийг Паул энд гурвантаа дурджээ.  
Паул хэлэхдээ “Харь үндэстнүүд Бурханы өмнө яллагдсан” гэв. Гэхдээ ингэж хэлээд зогсоогүй. Бусад руу хуруу чичлэн “Ичээч, ичээч” гэж хэлдэг Иудейчүүдийг буруушаав. Бурхан тэдэнд Хуулийг өгч түүгээр Өөрийгөө илчилсэн. Та төсөөлөөд үз дээ. Мосе Синай уулнаас бууж ирэхдээ Арван Хуулийг сугавчлаад бууж ирж буйг. Тэр бол хүний зан үйлийн хууль билээ.
 Дараа нь Паул энэ бүхий л мэтгэлцээний гол утга учрыг тайлбарлан “Зөвт хүн алга, ганц ч алга. Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга” (Ром 3:10-12) гэж дүгнэжээ. Хэрэв үүгээр захидлаа төгсгөх юм бол маш бүрхэг бараан зураглал байх болно.
Гэтэл Паул хүмүүний мөн чанар болон уналтыг сөрөг талаас шинжлэн дүгнэсэн байр сууриа орхиод дараагийн алхмаа хийжээ. Энэ бол хүмүүний уналтыг Бурхан хэрхэн болиулж болох талаар өгүүлсэн зүйл. Хүмүүний уналт гэхээр бид бүхний гэрлэлт бүтэлгүйтэх. Нэгэндээ амласан зүйлсээ зөрчих, итгэлгүйгээр хандах. Хуурч мэхлэх болон ёс суртахуун, сүнсний бусад олон алдаа эндэл гэх мэт бидний амссан тэр уналтыг хэлжээ. Паул тэр бүхнийг хүчингүй болгох үйл явцыг “зөвтгөл” гэж нэрлэв. Энэ нь ямар утгатай үг вэ?
Нөхөр үгүй, дөрвөн хүүхэдтэй эх хүнийг та төсөөл дөө. Тэр эмэгтэй өөрт байгаа мөнгөн дүнгээс илүү өртөгтэй хоол хүнсийг дэлгүүрийн тэргэнцэрт дүүргэн нарийн нямбай өрж буйгаар төсөөлөөрэй. Гэтэл худалдагч тэр бүхнийг уншуулаад дуусахад эмэгтэйд байсан мөнгөнөөс илүү үнэ өртөг гарчээ. Тэгээд эмэгтэй аль хүнсээ буцаах уу гэж гайхан, яах учраа мэдэхгүй зогсож байна гэж бодъё. Тэгтэл түүний мухардлыг өөр хүн хараад “Асуудалгүй. Энэ бүх хүнсний тооцоог би төлье. Би энэ бүхний мөнгийг өгье” гэж хэлж байгаа гэж боддоо.


ЭНЭ БОЛ САЙН МЭДЭЭ. ЭНЭ ҮНЭХЭЭР САЙХАН МЭДЭЭ