ГЭРЛЭЛТИЙН ТАНГАРАГ

ГЭРЛЭЛТИЙН ТАНГАРАГ

“Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.” Гэтлэл 19:5

Эдений цэцэрлэг нь Тигр болон Ефрат мөрний хөндий газарт байрладаг байсныг архелогоичид нотолж иржээ. Үнэн хэрэгтээ Библид тэр цэцэрлэг яг хаана байрладаг тухай өгүүлээгүй. Гэхдээ Адам Ева хоёр тэр нутагт үржин өсөж, эцсийн эцэст тэндээ хот суурин байгуулсан байх боломжтой. Цаг хугацаа өнгөрөх тусам бичиг үсэг бий болж хөгжөөд тухайн газрын худалдаачид шавар хавтан дээр өөрийнхөө худалдаа наймааны данс тооцоог тэмдэглэж үлдээсэн. Цаашлаад хүмүүсийн хоорондын гэрээ хэлцлийг бас шавар хавтан дээр тэмдэглэн үлдээдэг болжээ.
Ямар нэг зүйлийг олон хүмүүсийн нүдэн дээр тэмдэглэн, гэрч бий болгохгүй бол тэр зөвшилцөл хэлцлээ хүн мартчихдаг юм байна гэдгийг хүмүүс олж ажигласан байх. Тэгвэл хамгийн анхны бичиг баримтын тоонд гэрлэлтийн тангараг гэрээ багтсан байж. Өнөө цагт бидний байгуулдаг гэрлэлтийн гэрчилгээнээс тийм ч ялгаагүй бичиг баримтыг тэр цагийн хүмүүс үйлдсэн билээ.
Тэгвэл “Агуу Хааны гэрээ хэлцэл” номын зохиогч доктор Мередит Клейнийн бичсэнээр “Хожим аливаа гэрээ хэлцэл хоёр өөр ангилалтай болсон” гэжээ. Нэгдүгээрт, эрх тэгш хүмүүсийн хооронд байгуулсан гэрээ байж. Жишээлбэл, хоёр хааны хоорондын гэрээ. Нөгөө хэсэг гэрээ нь нийгмийн өөр өөр статус, байр суурьтай хүмүүсийн байгуулсан гэрээ. Жишээ нь хаан болон өөрт нь зарагдаж ажилладаг харц ардын хоорондын гэрээ. Хааны тариан талбайг арчилдаг, хааны эзэмшдэг мал сүргийг малладаг хүн хаантайгаа гэрээ байгуулах.
Харин Бурхан хүмүүн төрөлхтөнтэй гэрээ байгуулахдаа яг л бизнес харилцаа болон хүмүүс хоорондын харилцааны гэрээтэй адил зөвшилцлийг бий болгов. Еврей хэлний гэрээ гэдэг үгийг төлөөлдөг берит (berith) гэсэн үгийн хадмал утга нь ямар нэг юмыг “тайрах, зүсэх” гэсэн утгатай. Голдуу гэрээ байгуулахдаа мал амьтан алж, хэлцэл хийсэн хоёр талынхан хамтдаа зоог барина. Тэд нэг нэгнийхээ гараас чанга атган гэрээгээ баталгаажуулдаг. Уг гэрээ тэдний хооронд төдийгүй тэдний хүүхдүүд болон ач, зээ дараа дараагийн үеийнхний хооронд байгуулагдсан болохыг тэд ийнхүү баталгаажуулдаг байжээ.
Тэгвэл өнөө цагт хуримынхаа ёслолоо хийж байхдаа өөрийнхөө гэрч, бэргэндээ хандан “За, энэ хүнтэй амьдралаа холбоод үзье. Хэрэв бүтэхгүй бол гэрлэлтээ цуцлаад дахин гэрлэнэ” гэх сүйт бүсгүйчүүдийн хандлага тэр цагийн хүмүүсийнхээс ямар их өөр болоо вэ?
Хосууд хоорондоо “... үхэл биднийг салгах хүртэл” гэсэн тангаргийг өргөдөг байжээ. Тэгвэл өнөө цагт энэхүү тангараг бүхий гэрлэлтийг эргэн дэмжсэн хөдөлгөөн бий болоод байна. Ийм хүмүүсийн үгсийн санд нь “Гэрээг хүчингүй болгох”  юм уу “Салж сарних” гэсэн ухагдахуун байдаггүй гэсэн үг. “Хоорондоо зохицож л байвал...” гэх харилцааны тухай ч энд яриагүй. Гэрлэлтийг бүтээх гэж тэмцэх болон зүгээр л гэрлэсэн байхын хоорондын ялгаа энэ. Зүгээр л гэрлэсэн хүмүүсийн хувьд нэлээдгүй олон удаа гэрлэлт нь бүтэлгүйтэхэд хүрдэг.
Учир нь гэрээ тангараг бол аливаа зүйл дээр бодлоо өөрчлөнгүүтээ цуцалж болдог хэлцэл төдий зүйл биш. Аливаа гэрээ тангараг насан туршийнх байж бүгдийг тэсэж гарсан байх учиртай.


ХУРИМЫН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭРЛЭЛТ БУРХАНААР ЕРӨӨГДӨЖ, БУРХАН ТЭДГЭЭР ХОСУУДАД ТУСАЛДАГ.