ГЭРЛЭЛТИЙН ДАВУУ БАЙДАЛ

ГЭРЛЭЛТИЙН ДАВУУ БАЙДАЛ

“Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.” Ефес 5:31

Та таван жилээр илүү удаан амьдрахыг хүсэж байна уу? Илүү их хөрөнгө мөнгө олмоор байна уу? Сэтгэл санааны хувьд эрүүл байж амьдралд илүү сайн дасан зохицсон байхыг хүсэж байна уу? Тэгвэл та гэрлээрэй. Учир нь удаа дараагийн судалгаагаар сая миний дурдсан давуу байдлыг гэрлэсэн хүмүүс эдэлдэг болохыг нотолсон. Энэ судалгааны дүн улам л нэмэгдсээр байна.
Харин гэрлэсэн хүмүүс яагаад ийм давуу талтайн шалтгааныг судлаачид одоо хүртэл таамагласаар л...
Гэхдээ хуримлаж, гэрлэлтийн харилцаанд орж буй хос анхнаасаа л эрүүл чийрэг, амьдралд итгэл дүүрэн байж гэрлэсэн үү, эсвэл тэдний байр суурийг батжуулсан хүчин зүйл нь гэрлэлт байсан уу гэдгийг хэн ч нотлох аргагүй. Ерөнхийдөө, хүнтэй гэрлэх нь эцсийн дүнд нөхөр болох хүнд ч, мөн эхнэр болох хүнд ч ашигтай. Гэвч зөвхөн давуу талыг олж авахын төлөө гэрлэх шаардлагагүй.
Хэрэв та хөрөнгө мөнгө, сайхан унаа тэрэг, гоё сайхан бие галбиртай бол  хүнтэй гэрлэх нь тийм ч хэцүү биш. Харин хуримлаад, гэрлэлтээ зөв зүйтэй авч явж, салж сарнихгүйгээр үлдэх нь өөр хэрэг. Мөн гэрлэлт дотроо аз жаргалтай байх нь тусдаа яригдах асуудал.
АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Хэнри Блекмам дөнгөж гэрлэж буй хосод “Хурим бол нэг удаагийн үйл явдал. Харин гэрлэлт гэдэг чинь удаан хугацааны ололт юм” гэжээ. Нэг нэгэндээ чин сэтгэлийн зориулалт гаргадаг хоёр хүний хамтын зүтгэлийн шагнал бол үнэхээр амжилттай гэрлэлт юм. Амжилттай гэрлэлтийн хүчин зүйлсэд:
1.Гэрлэгсэд сүнслэг зорилготой байж Бурхантай харилцаатай байх. 
2.Нэг нэгэндээ зориулалт гаргах. 
3.Ханиа өөрөөсөө дээгүүр тавих. 
4.Чөлөөтэй, нээлттэй байж, нэг оронд ороод зогсохгүй, нэгэн сэтгэл зүрхтэй байх. 
5.Нэг нэгнээ үтэр түргэн уучилж, аар саар сэтгэл дундуур байдлаа орхиж сурах сэтгэлийн тэнхээтэй байх.
Амьдралын зам дээр донсолгоо таарах бүрт хоорондоо хэрэлдэж зодолдон, гэрлэлтээ үхүүлэх нь утгагүйг ухаарах. Мөн эцэст нь дурдах зүйл бол нэг нэгнийхээ буруу хийсэн зүйл, алдаа дутагдлыг амархан мартаж үл хэрэгсэх чадвар байх.
Мэдээж хэрэлдэж зодолддог, нэгнээ уучлахыг үл хүсдэг, араар тавьж хуурч мэхэлдэг хосууд гэрлэлтээс олж авч болох давуу талуудыг авч чадахгүй. “Гэрлэлт бол буулт” бестселлер номын зохиогч Айрис Краснов  “Хэрэв та хуримын ёслол дээр өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байвал гэрлэсэн ч аз жаргал, баяр хөөртэй байж чадахгүй” гэж зөв хэлсэн. Учир нь та хуримлахдаа юу тээж ирсэн түүнийгээ л гэрлэлтээсээ олж авдаг.
Гэтэл таны гэрлэлт дотроо тээсэн зүйл чинь улам өсөж үржих нь дамжиггүй. Учир нь гэрлэлт дотор хамтдаа амьдрах нь дүрдэг цайг халуун усанд уусгахтай адил. Дүрдэг цайн дотор хэдийнээ байсан зүйлс халуун усанд дүрэгдээд тархдаг. Энэ нь “Одоогийн амьдрал өмнөхтэй адил бөгөөд цаашид илүү их болно” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр хүн гэрлэхээсээ өмнө ямар байсан хуримласныхаа дараа яг тийм байх боловч тэр зүйл нь улам ихээр илрэх нь ээ. Энэ бол үнэхээр бодууштай зүйл шүү.


ГЭРЛЭЛТДЭЭ ТЭЭСЭН ЗҮЙЛ ЧИНЬ АМЬДРАЛД ЧИНЬ УЛАМ ИХ ҮРЖДЭГ