ТАНЫ ТҮЛШ ДУУСАХЫН ЦАГТ

ТАНЫ ТҮЛШ ДУУСАХЫН ЦАГТ

“Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтой байдаг.” 2 Коринт 3:12

Тэнгэрийн агуулахаас ивээл ерөөл цутгахад бид тэр даруй баярлан хөөрдөг. Бурхан  ерөөхөд, хөх тэнгэр цэлмэг байхад, магтаал талархал амархан урсна. Гэтэл бурханлаг ивээлийн нөөц шавхагдан хатаж, тэнгэр бараан, үүлс зузаан байх үе ирдэг шүү дээ. Та Бурханаас “Тийм” гэсэн хариу авахыг хүсэвч Тэр танд “Үгүй” гэж хариулах үе ч бий. Эсвэл та магадгүй Түүнээс ямар ч үг сонсохгүй гайхаад суух цаг тохиодог. Тэр цагт та нүдэнд үзэгдэх зүйлсэд найдах биш, харин итгэлээр алхахыг сурна.
Гэтэл олон хүний итгэл дуусдаг юм шиг санагдах юм. Тэдний найдварын нөөц нь хатаж цөхрөл урамгүй байдлыг давах гэж тэмцэлдэнэ. Энэ нь яг л Робби Гордонтой адил юм. Энэ хүн Индианополис “500” гэдэг нэртэй машины уралдаанд аминд халтай хурдтайгаар тэргүүлж, хамгийн анхны ялалтаа байгуулахад бараг бэлэн байв. Өмнөх хоёр удаагийн уралдаанд Робби тавдугаарт орж ирсэн юм.
Түүнийг 199 дэх тойргоо дуусгаж байхад түүний туслах багийнхан аз туршжээ. Учир нь түлш сэлбэхийн оронд тэд түүний машиныг хангалттай түлштэй гэж үзээд азаа сорив. Гэтэл тэд андуурсан байж. Роббигийн гоёмсог хийцтэй уралдааны машин шар шар хийн зогсов. Өрсөлдөгчид хажуугаар нь шурдхийн гарч, тэр дөрөвдүгээр байранд оржээ.
Тэр сурвалжлагчдад “Би зүгээр л уйлмаар байна...” гэж хэлсэн. Мэдээж өөр хэдэн зүйл ярьсаныг мэдээллийн хэрэгслээр цацахгүй байсан нь дээр. Гэхдээ би түүний нэг үгийг иш татмаар байна. “Би машинаа өшиглөж болох байсан. Тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ? Би засварчдаа цохиж унагаж болох байсан. Гэсэн ч бид дөрөвдүгээр байранд хэвээр үлдэнэ. Би уйлж ч чадахгүй байна. Бүх юм дууссан, ингээд л болоо” гэж тэр хэлжээ.
Түүний хувьд уралдаан ингээд дууссан. Гэвч таны хувьд дуусаагүй. Та амьдрал гэсэн зам дээр уралдсаар байгаа шүү. Тиймээс та барианд хүрэхээсээ өмнө түлшгүй болмооргүй байгаа биз дээ.
Таныг хөдөлгөсөөр байгаа нөөц бол уралдааны машины түлш шиг бодит түлш биш. Харин түүнээс ч хамаагүй чухал зүйл. Сүнсний хувьд хатан гандаж, найдвар нь хорчийсон хүмүүс ихэнхдээ замаас гардаг. Тэд сүм чуулганаас хөндийрч, хань ижлээсээ хөндийрч, гэр бүл найз нөхдөөсөө хөндийрдөг. Мөн хэдийгээр өөрсдөө ухаарахгүй боловч Бурханаас бас хөндийрдөг.
Елиагийн хувьд зэлүүд цөл газраар урт удаан замыг туулахад Бурхан түүнийг эргүүлж, буцаагаад үйлчлэлд оруулж өгсөн тухай түүх бий. Энэ шалтгааны улмаас Иона оргон зугтаж, завхарсан Ниневе хот руу явахын оронд Испанийн далайн эрэгт амрахыг хүсжээ. Ийм учраас өнөөдөр маш олон хүн найдвараа орхисон байна. Тэдний сүнслэг түлш нь дуусаж далайн эрэг рүү зугтаж, пастороо буруутгаж байна. Эсвэл өөрсдийнх нь хэлдгээр “Бүхий л асуудлыг зогсоож болох байсан ч” зогсоохгүй байх сонголтыг хийсэн Бурханд ундууцаж байна.
Найдвар үгүй цөхрөл бий болох үед үнэнг өөртөө сануулагтун. Тэгээд үл зогсож Эзэний төлөө үргэлжлүүлэн уралдаарай. 


“ЗОВЛОН ШАНАЛАНГИЙН ӨДӨР НАМАЙГ ДУУД. БИ ЧАМАЙГ АВРАХ БӨГӨӨД ЧИ НАМАЙГ ХҮНДЭТГЭНЭ.” ДУУЛАЛ 50:15