ГЭМШИЛ

“Есүс тэдэнд хандаж ‘Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой’ гэж бичигдсэн юм ...” Лук 24:46-47

Ах дүү хоёр дэлгүүр ажиллуулж байхдаа буруу заадаг жин байнга хэрэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, тэднийхээс юм авсан аливаа үйлчлүүлэгч авах ёстойгоосоо дутуу хэмжээний бараа авдаг байсан гэсэн үг. Гэтэл ах нь Христитгэгч болоод буруу заалттай жин ашиглахаас татгалзав. Түүнээс хойш дүү нь жингээ ажиллуулж, түүний худалдсан жимс ногооноос олсон орлогын тэн хагасыг ах нь ямар ч асуудалгүйгээр авдаг хэвээр байж.
Эцсийн эцэст Христитгэгч болчихсон ах нь дүүгээ Христитгэгч болооч гэж ятган уриалахад дүү нь татгалзаж “Хөөе, хэрэв би Христитгэгч болчихвол хэн дэлгүүрт жимс ногоогоо жинлэх юм бэ?” гэсэн гэлцдэг.
Христэд амьдралаа зориуллаа гээд хүний зан төлөв, биеэ авч явах байдал өөрчлөгдөх учиртай юү? Та Христитгэгч болчихсон хэр нь бизнесийн орчинд урьдынх шигээ салан задгай ёс зүйгүй ажилласаар байж болох уу? Та Христитгэгч болчхоод Библид зэмлэн буруушаасан ёс бус үйлсэд хамрагдсаар байх уу? Өнөө цагийн нэгэн гаж үзэгдэл бол урьдынхаас хамаагүй олон хүн Христитгэгч гэдгээ зарлан тунхагладаг хэр нь амьдрал дээрээ зан төлөв, биеэ авч явах байдал нь зөрж байна.
Тэгвэл өнөөдөр гэмшил гэж чухам юу болохыг олж мэдэх зайлшгүй шаардлагатай юм. Библид жинхэнэ итгэл гэж нэрлэдэг үйл явцад гэмшил яагаад амин чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бид сурах шаардлагатай байна.
Алдагдсан зоос, алдагдсан хонь болон төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэлийг ашиглан Есүс айлдахдаа “... Мөн үүний адил, гэм нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно” гэжээ  (Лук 15:10) Нүгэлтэн хүний итгэл нь биш, харин түүний гэмшил нь баяр хөөр авчирдаг. Жинхэнэ итгэлийн эргэлтэд итгэл болон гэмшил хоорондоо салшгүй холбоотой билээ.
Эзэн өөрт чинь үзэгдээд “Намайг сонс. Би чамайг Гонг Конг яваасай гэж хүсэж байна. Тэнд очвол Би чамайг шагнана” гэж хэллээ гэж бодьё. Та тийш явахын тулд болохоосоо болохгүйг хүртэл хийнэ биз дээ.
Алхах, гүйх, тэр байтугай мөлхөх шаардлагатай байлаа ч явах болно. Тэнд хүрэхийн тулд өөрийн амьдарч буй хотоос гарч явахаас өөр замгүй. Яагаад гэвэл өөрийн амьдарч буй хотдоо байсаар байвал Гонг Конгод очих боломжтой гэж үү. Мэдээж үгүй.
Миний хэлэх гэсэн гол санаа гэвэл, гэмшвэл та өнгөрсөн амьдрал болон гэмт холбоо сүлбээгээ ардаа орхиж, Есүсийн хамтаар Тэнгэр диваажингийн үүдийг хүртэл алхах шаардлагатай. Гэмшил нь “Амьдралынхаа хуучин замнал болоод гэмт хэв маягаа орхих” явдал юм. Ингэснээр итгэлийн чинь шинэ замнал илүү утга учиртай, илүү үнэн сэтгэлийнх болно. Энэ бол итгэлд дуудсан урилгын мартагдсан хэсэг нь билээ.


ГЭМШЛИЙГ ЭРГЭН ЧУХАЛЧЛАХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА