ЧИ НАДАД ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ЮУ?

ЧИ НАДАД ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ЮУ?

“Та нар Намайг ‘Эзэн, Эзэн’ гэж дууддаг хэр нь юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?” Лук 6:46
Өнөө цагийн Христитгэлийн нэг нийтлэг сул тал бол итгэгчид Бурханы хайрыг хэт дөвийлгөдөг. Өөрийнх нь араас дагагчдаас Түүний хүсэн шаардах дуулгавартай байдалд бага ач холбогдол өгдөгт оршино. Гэтэл Есүс шавь нартаа хандан “Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) гэж айлдаж байжээ. Хайр ба дуулгавар нь хоорондоо эсрэг тэсрэг зүйл биш. Харин ч эсрэгээр юунд ч тээнэгэлздэггүй болзолгүй хайрын үр дүн билээ.
Дуулгавартай байдал нь сонголт биш, амьдралын хэд хэдэн боломж дотроос шилэх нэг хувилбар ч биш. Та нэг бол дуулгавартай, эсвэл дуулгаваргүй байна. Мэдээж дурамжхан байдлаар дуулгавартай байх нь бий. Өөрөөс чинь илүү эрх мэдэлтэй хүн хүчээр тулгасан болохоор, аль эсвэл дуулгаваргүй байдлаасаа болж маш ихээр шийтгүүлэх тул айж эмээсэндээ дуулгавартай байж болох юм. Гэвч ийм маягийн дуулгавар нь Бурханы зүрхийг баярлуулдаггүй.
Нэгэн эмэгтэйд мөнгө маш их хэрэгтэй байсан тул гэрийн үйлчлэгч хийхээр болов. Үйлчлэх айлын хувьд саяхан эхнэрээ алдаад  хүүхдүүдтэйгээ үлдсэн нэгэн эр байжээ. Эмэгтэй ажилд орсныхоо дараа л гэрийн эзнийг таньж эхлэв. Тэр бол зүгээр ч нэг хүн биш, үнэхээр төвөгтэй хүн. Ажилд авсан эхний өдрөө л эмэгтэйд яг таг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт гаргаж өгөв. Тэр ч байтугай, эмэгтэйг долоо хоногийн дараа гэхэд залхаад ажлаас гарна гэдэгт тэр эр итгэлтэй байжээ.
Гэтэл “Энэ ямар төвөгтэй хүн бэ?” гэж бодож байсан бүсгүйн бодол аажмаар өөрчлөгдөв. Учир нь өнөөх эрийн уян зөөлөн зан чанарыг харж эхэлжээ.  Хэсэг хугацааны дараа эмэгтэй түүний хүүхдүүдийг хайрладаг болж, түүгээр ч барахгүй мөнөөх эрийн  хачин этгээд зан төлөвийг байгаагаар хүлээн авдаг болов. Эцэст нь, гэрийн эзэн, үйлчлэгч эмэгтэйгээс эхнэрээ болохыг гуйсанд тэр зөвшөөрч, хүүхдүүдийн хувьд баяр хөөр болж тэр хоёр гэрлэцгээв.
Олон жилийн дараа эмэгтэй шургуулга цэвэрлэж байгаад хамгийн анх өөрт нь өгсөн ажлын жагсаалтыг олж гэнэ. Хувцасны захыг хэрхэн дэрийлгэж, ор хөнжлийн хэрэгслийг яаж индүүдэж, хүүхдүүдэд ямар хандах тухай уншихдаа эмэгтэй өөрийн эрхгүй инээмсэглэв. Тухайн үед түүний дургүйцэн хүлээн авч байсан бүх зүйлс одоо ямар ч асуудалгүй болсон байв. Ялгаа байсан билүү? Тийм ээ, өөрийг нь анх гэрийн үйлчлэгчээр ажиллуулж байсан эрийг одоо тэр хайрладаг болсонд ялгаа байна.
“Бурхан надад хайртай учраас миний хийсэн муу үйлийг хараагүй юм шиг өнгөрүүлнэ” гэж үздэг итгэл хэзээ ч жинхэнэ итгэл байж чадахгүй. Зарим хүн Бурханыг айлдсан үгээ биелүүлдэггүй гэж үздэг. Мөн Есүсийн айлдсан үгийг ойлгосон хэр нь Түүний хүсэл төлөвлөгөөнд дуулгаваргүй хүмүүсийг Есүс зэмлэн буруушаасан. Учир нь  одоо цагийн зарим хүн Бурханд дуулгавартай байдал өөрт нь хамааралгүй зүйл гэж үзэх нь бий. Гэтэл тэр бол гэнэхэн төсөөлөл юм шүү.
Есүс Петрээс “Чи Надад хайртай юу?” гэж асуусан. Харин та Түүнд дуулгавартай байснаар энэ асуултад хариулж чадах билээ. Хэзээ ч замхарч алга болдоггүй, аниргүйхэн цуурайтах энэхүү асуултыг үргэлжид сонсож байгаарай.


 “ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ? ТЭГВЭЛ МИНИЙ ТУШААЛЫГ САХИГТУН”