БУРХАНЫГ МӨР ЗЭРЭГЦЭН БУУЛГАХУЙ

БУРХАНЫГ МӨР ЗЭРЭГЦЭН БУУЛГАХУЙ

“Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла. Бурханы нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.” Левит 19:12

Бурхан яавал тантай мөр зэрэгцэн бууж ирэх бол? Та үүнийг хоёр янзаар хийх боломжтой.  Нэгдүгээрт, та өөрөө Бурханыг доромжлон гутаах, өөрийнхөө хэмжээнд татан буулгах боломжтой. Мөн хоёрдугаарт, Түүнийг өөртөө туслуулахаар, таны байр сууринд бууж ирж танд мутраа хүргэхээр Түүнийг урин гуйх арга зам бас бий.
Хүмүүс харааж зүхэхдээ Бурханы нэрийг ердийн үг шиг л ашиглаж байна.  Өглөөний цайгаа уух зуураа, өндгөн дээрээ давс цацаж буй залуу, Бурханы нэрийг хэлэх үгийн бүрийнхээ завсар  хавчуулах юм. “Хүү минь, чи залбирч байна уу, эсвэл харааж зүхэж байсан уу?” гэж би түүнээс асуухад “Өө, энэ бол зүгээр л нэг хэллэг” гэж хариулж билээ.
Гутаах гэсэн утгатай profane гэдэг Англи үг нь Латин хэлний хоёр үгээс бүрддэг. “Pro” гэх үг нь “өмнө талд” гэсэн утгатай бол fane гэдэг үг нь “сүм дуган” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл “Сүмд ороод ариусна” гэсэн утга санааг илэрхийлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үг “Ариун юмыг доромжлон бузарлах” гэсэн утгатай болсныг Мириам Вебстерын толь бичгээс харж болно.
Өнөө цагт Библи хэмээн бидний гар дээр ирсэн эрт дээр үеийн хуйлмал бичгийг анх хуулбарлаж бичсэн эртний бичээч нарын хувьд Бурханы нэр машид ариун байсан. Хэрэв Бурханы нэрийг санаандгүй буруу бичвэл тэд тухайн хуйлмалыг зүгээр нэг базаад хаях юм уу урж таслах биш, харин ёслол төгөлдөр байдлаар булшилдаг байжээ.
Гэтэл Төгс хүчит Нэгний нэрийг доромжлох. Түүний ариун цэвэр гэгдэх юмсыг элэглэн тохуурхах. Түүнийг гутаах  нь, Бурханыг ариун сүмээс нь чирч гаргаж буй хэрэг.
Тэгвэл Бурханыг өөрийнхөө хэмжээнд буулган мөр зэрэгцэх өөр нэг арга нь залбирал юм. Энэ тохиолдолд та Бурханыг урих ба Тэр танд хариу үйлдэл үзүүлнэ. Энэ нь өмнөхөө тэс ондоо хандлага. Энэ бол сул дорой дуу хоолойгоороо эцгээсээ юм гуйж буй хүүхдийн хашхираан. Энэ бол өвдөж эмтэрч буй зүрхнээс Төгс хүчит Бурханд хандсан гуйлт юм. Учир нь таны өвдөлт ганцаардлыг намжаах хүч чадал, хайр, өрөвч сэтгэл Бурханд бий. 
Та Бурханыг өөрийнхөө түвшинд залбирлаар буулгах гэж байна уу, эсвэл гутаан доромжилж буулгах гэж байна уу? Үүнийг таны Бурханд хандах хандлага, Түүний талаарх таны ойлголт тодорхойлж өгнө. Энэ бол таны гаргах шийдвэр. Ямар ч шийдвэр гаргалаа та Бурханыг өөрийнхөө хэмжээнд буулгана.


БУРХАНЫГ ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БУУЛГАХ АРГА НЬ ЗАЛБИРАЛ ЮМ.